П.Н.Шаштины нэрэмжит клиникийн III эмнэлгийг зорилоо. Энэ эмнэлэгт тархинд цус харвасан, мэдрэлийн мэс засал хийлгэхээр өдөрт дунджаар 30 гаруй өвчтөн ирдэг гэнэ. Мөн тархины мэс заслын хагалгаа хийдэг ганц төв нь юм болохоор долоо, наймаараа дараагийн өвчтөн хагалгаанаас гартал нь хүлээж дараалал үүсгэдэг аж. Нэгэнт тэр чиглэлийн хүнд өвчнийг эмчлэх үүрэгтэй юм хойно эмч нар нь бүгдэнд мэс засал хийхээс өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл гадаадад, хувийн эмнэлгүүдэд тархины мэс засал хийхэд 10-15 сая төгрөг шаардлагатай. Эх сурвалжуудын мэдээлснээр тус эмнэлгийн тархины оношилгооны аппарат нь эвдрээд нэлээд хэд хоножээ. Иймээс өвчтөнүүд гуравдугаар эмнэлгийн хаалга мөргөж буцдаг болжээ. Үхэхгүйн тулд үнэтэй ч гэсэн хувийн эмнэлгүүдийг зорино. Хувийн эмнэлгүүдээс тархины цус харвалтыг хамгийн сайн оношилдог хоёр эмнэлгийн нэг гэх “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт очиж 350 мянган төгрөгөөр нэг удаа үзүүлдэг байна. Бас дараалал авна. Гэвч одоо тус эмнэлэгт тархины цус харвалт болж үзүүлэхээр ирсэн өвчтөнүүд бараг долоо хоногт оношилуулж чадахааргүй, амиа алдахаас өөр аргагүйд хүрээд байгаа бололтой. Үүгээр ч үл барам бэнчинтэй, танил талтай нэг нь дараалал авсан нэгнийхээ өмнүүр орно.
П.Н.Шаштины нэрэмжит гуравдугаар эмнэлэг компьютер томо графын аппаратыг хамгийн анх буюу 1987 онд оруулж байжээ. Гэвч тэр аппаратынх нь ашиглалтын хугацаа дууссаны улмаас одоо ямар ч хэрэггүй эд болон хувирав. Иймээс сая гаруй ам.долларын үнэтэй тоног төхөөрөмжийг авч дийлэхгүй төрийг хүлээж ядан нэг метр квадрат нь 15 мянган төгрөгийн үнэтэй хувийн компанийн аппарат түрээсэлж байна. Энэ аппаратаар тархины оношилгоо хийлгэхэд “Бүх үйлчилгээ нь ороод 75 мянган төгрөгөөр үзүүлдэг. 2008 оны нэгдүгээр сараас эхэлж ашиглалтад орсон. Нийт 141 метр.квадрат. Нэг сая ам.долларын үнэтэй аппаратууд” хэмээн хариуцсан мэргэжилтэн Н.Байгаль хэлж байсан.
Энэ үеэр тус эмнэлгийн дарга Б.Батчулууны байр суурийг сонирхлоо.
-Манайх улсын хэмжээнд зүрх, мэдрэлийн мэс засал хийдэг цорын ганц эмнэлэг. Анх 1954 онд Мэс заслын больниц нэртэй, 110 ортой, бөөр, яаралтай мэс заслын хоёр тасагтай байгуулж байсан. Оросын нэрт эмч П.Н.Шаштины гурван үеэрээ ажилласан эмнэлэг. Улсын эмнэлэг атлаа түрээслэгч нэрээр л ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас салбартаа төсөв жил тутам нэмж байгаа ч нүдээ олж хуваарилдаггүй. Олон улсын хандивлагч байгууллагуудын тусламжаар л зарим тоног төхөөрөмж, аппарат нийлүүлдэг. Манай эмнэлгийн зүрхний чиглэлийн аппаратууд харьцангуй сайн. Учир нь Мянганы сорилтын сан, бусад олон улсын байгууллагуудын тусламжаар техникийн шинэчлэл нэлээд хийсэн. 2004 оноос “Люксенбург”-ийн төсөл хэрэгжсэнээр зүрхний өвчлөлийн туламдаж буй олон асуудлыг шийдэж чадлаа. Наад зах нь манай эмч нар тархины титем судсыг төвөггүй эмчилдэг болсон. Тэрбээр зүрхний оношилгоо, эмчилгээний талаар ийн ярилаа. Гэвч түүний сэтгэл эмзэглэн хэлсэн нэг зүйл нь мэдрэлийн чиглэлээр тоног төхөөрөмж, аппарат үнэхээр дутмаг байгааг хэлсэн. Түүнчлэн нэг ширхэг нь нэг тэрбум гаруй төгрөгийн үнэтэй “Япон улсаас “Айно граф”, компьютерийн томо графын хоёр аппарат ирэх сураг дуулдаж байгаа. Хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Эрүүл мэндийн яам тендер зарлах нэрийдлээр ам таглах юм” гэж байлаа. Түүний ярианыхаа дунд хэлсэн нэг гомдол нь “Эмнэлгийн байгууллагад тус болж багаа нэг ч сайн санаатай компанийн эзэд алга. Гэтэл тамирчид, дуучид гэхээр хэдэн саяар нь өгдөг нь ямар учиртай юм. Хэрэгтэй зүйлдээ сэтгэл гаргавал Монгол хүний амьд явах баталгаа нэг алхмаар ч болов нэмэгдэнэ шүү дээ” хэмээж байв.
Мөн уг эмнэлгийн урд талд өргөтгөлийн барилга барьж буй аж. Үүний барилга, тоног төхөөрөмжийн нийт зардал нь 5.8 миллярд төгрөг гарч байгаа бөгөөд эмнэлгийн дарга бүх тооцоо судалгаа, албан тоотоо явуулсаар байхад ЭМЯ-ны одоогийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Түмэндэмбэрэл дөнгөж 250 сая төгрөг төсөвлөжээ. Энэ мөнгө нь дөнгөж дөрвөн ширхэг аппаратын захиалганд л хүрсэн гэнэ.
Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Түмэндэмбэрэлээс тодруулахад “Одоохондоо сайн мэдэхгүй байна” гэв. Энэ салбарт 2009 онд 29.8 тэрбум төгрөг төсөвлөсөн бол төсвийн тодотголоор 206.8 тэрбум төгрөг болж 23 тэрбум төгрөг хасагдсан удаа бий. Тодруулбал, эмийн зардал 5.8, түлш халаалтын 2.5, цалингийн 2.9 тэрбум төгрөгийг хасаж байсан гэнэ. Түүнчлэн эмнэлгийн төсвийг 51.3 хувиар бууруулсан нь эмч, ажилчдыг ажлын хувцасаар хангаж чадахгүйд хүрсэн байна. Энэ талаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа анхааруулж байгааг холбооных нь дарга Б.Мягмар хэлсэн. Өмнө нь 250-аад тэрбум төгрөг эмнэлгийн салбарт төсөвлөдөг байсан бол харин энэ онд 500 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Эцэст нь хэлэхэд хавтгайруулсан халамж тарааж өвчлөлийг өөхшүүлж байхын оронд үйлдвэр барьж дийлэхгүй юм аа гэхэд ядаж ганц хэрэгтэй аппаратыг нь аваад тавьчихвал зүгээрсэн юм. Түүнчлэн жирийн нэг аппаратыг нь засах инженер нь хүртэл Монголд байдаггүй шүү дээ. Н.Хүрэлбаатар сайд аа, эрүүл мэндийн салбар тэр дундаа мэдрэлийн оношилгооны аппаратаа шинэчилбэл яасан юм бэ.
"Улс төрийн тойм" сонин