Наото Каны захидлын хариуг Ерөнхий сайд уламжлав

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Наото Каны захидлын хариуг Ерөнхий сайд уламжлав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон улсад айлчлал хийж байгаа тухай гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тэдний зарим нь “Монголын Ерөнхий сайд япончуудад Тавантолгойгоор найр тавьж байна” гэж бичсэн бол нөгөө хэсэг нь “Японы сонинд гарсан нийтлэлээс болж зогсонги байдалд ороод байсан цөмийн салбар дахь хоёр орны харилцааг энэхүү айлчлал дахин сэргээж байна” гэх зэргээр онцолжээ. Тухайлбал, “the-diplomat.com” сайтад “Монголын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийж буй айчлалын үеэр цө­мийн үйлдвэрлэлийн салбар дахь Японы хөрөнгө оруулалт бо­лон мэргэжилтнүүдийг татах со­нирх­лоо илэрхийлнэ” хэмээн бич­сэн байна. Өөрөөр хэлбэл, С.Бат­болд айлчлалынхаа үеэр энэ талаар хэлэлцэнэ гэж таамагласан болол­той. Өмнө нь Япон, Монголын төлөөлөгчид энэ тухай ярилцаж байсан боловч “Фукушима Дай­чи” атомын цахилгаан станцад гар­сан ослоос болж асуудлыг түр хойш­луулаад байсан тухай тус сайтад мөн л онцолжээ. “Монголын Ерөнхий сайд япончуудыг “Фукушимагийн ослоос авсан сургамж дээрээ үндэс­лэн үнэтэй хичээл заана” гэдэгт найдаж буй. Япон, Монголын тал цөмийн салбарт хамтрах сонир­холтой байгаа тухай өнгөрсөн онд Японы хэвлэлээр мэдээлж байсан юм. Үүнээс болж энэ салбар дахь хоёр орны харилцаа зогсонги бай­далд орж байв. Харин энэ удаад Японы “Тошиба”, “Хитачи” зэрэг үндэстэн дамнасан корпорациуд Монголд цөмийн реактор байгуулах саналтай байгаагаа С.Батболдын айлч­лалын үеэр илэрхийлнэ” гэх агуул­гатай мэдээллийг Ази, Номхон далайн орнуудтай холбоотой мэдээ, мэдээлэл бэлтгэн гаргадаг “Diplomat” сэтгүүлийн албан ёсны сайтад дурьд­жээ. Харин “Bloomberg”-т “С.Бат­болд Японд хийж буй айлч­лалынхаа үеэр Тавантолгойн Баруун цанхид хөрөнгө оруулах сонир­холтой бай­гаагаа удаа дараалан илэрхийлж бай­сан “Мицуй”, “Иточу” зэрэг ком­панийн төлөөлөгчидтэй тохи­ролцлоо”  гэдгийг онцолсон юм. “Nikkei” мэдээллийн агентлаг “Ми­цуй” корпорацийн төлөөлөгчид Та­ван­толгойн ордод хөрөнгө оруулалт хийж, нүүрс олборлох тухай урьд­чилсан гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын Засгийн газар өмнө нь ийм гэрээ байгуулахаас татгалзаж байсан юм” хэмээн мэдээлжээ. “AFP” агентлаг “Монголчууд япончуудад Тавантолгойгоор найр тавьж байна” гэж дүгнэсэн байна.

Үнэхээр ч гадны хэвлэлүүдийн дүгнэлт буруу биш бололтой. С.Батболд Японд хийж буй айлч­лалынхаа үеэр атомын цахилгаан станц байгуулах талаар тус улсын төлөөлөгчидтэй хэлэлцэж байгаа юм. Түүнээс гадна хамгийн их со­нирхол татаж буй нэг асуудал бол Тавантолгой. Өнгөрсөн оны эхээр Та­вантолгойн баруун Цанхид хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн олон улсын компаниудаас Хятадын “Шиньхуа” групп 40 хувь, АНУ-ын “Пибоди Энержи” 24 хувь, Орос, Монголын  хамтарсан консорциум 36 хувийг эзэмшихээр болоод байв. Энэ хуваарилалт “шударга бус” болсонд санаа зовж буйгаа Өмнөд Солонгос, Японы компаниудын тө­лөөлөгчид олон удаа илэрхийлсэн. Тэр ч бүү хэл Японы Ерөнхий сайд асан Наото Канаас С.Батболдод хандан Тавантолгойн төсөлд орол­цох сонирхлоо илэрхийлсэн үгс бүхий захиа ирүүлж байсан юм. Гадны хэвлэлүүд мөн л энэ тухай шуугицгаасан. “Монголчууд донор орнуудаасаа татгалзсанаараа юу ал­дав” гэж ирээд л хэлэлцүүлэг маягийн зүйл өрнүүлэх нь холгүй юм болж байв. Японы төлөөлөгчид ч өөрсдөө “1990 он гарснаас хойш манай улс танай томоохон донор орон болж, тусламж дэмжлэг үзүүлж байсан” гэдгийг онцолж байсан юм. Энэ үг нь цаанаа “Хэрэв Тавантолгойн төсөлд япончуудыг оролцуулахгүй бол бид хандив, тусламжаа зогсооно шүү” гэх сүрдүүлэх өнгө аяс цухалзаж байлаа.

Монгол бол ашигт малтмалтаар баян хэрнээ жижигхэн улс. Тиймээс их гүрнүүдийн ашиг сонирхлыг эн тэнцүүхэн хадгалж байж өөрийн ашиг сонирхлыг илэрхийлж, түү­нийгээ гүйцэлдүүлэхийг зорьдог. Ха­рин Тавантолгойн асуудалд Мон­голын эрх баригчид зөвхөн Орос, Хятадын тухай бодсоноос бус бусад гүрнийг мартаж орхисон уу гэлтэй. Гэвч умартсаныг сануулсан Наото Каны захидал байгаа оносон бололтой. Ерөнхий сайд С.Батболд түүний захидлын хариуг өөрийн биеэр хүргэж өглөө. Тэрбээр Японд хийж буй айлчлалынхаа үеэр Та­вантолгойд хөрөнгө оруулах со­нирхолтой Японы компаниудтай гэрээ анхан шатны гэрээ хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурлаа. Ха­риуд нь япончууд урьдын адил найр­саг харилцаатай гуравдагч хөрш хэвээр байхаар болж, Монгол Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав. Монгол, Японы хооронд хийгдэх худалдаа ойрын таван жилд хэд дахин нэмэгдэх тооцоог шинжээчид гаргав. Япон улс манайхтай эдийн засгийн стратегийн түншлэлээ ийм хурдацтай хөгжүүлж, шинэ түвшинд гаргасан анхны гуравдагч хөрш болов.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж