Үнэхээр ч гадны хэвлэлүүдийн дүгнэлт буруу биш бололтой. С.Батболд Японд хийж буй айлчлалынхаа үеэр атомын цахилгаан станц байгуулах талаар тус улсын төлөөлөгчидтэй хэлэлцэж байгаа юм. Түүнээс гадна хамгийн их сонирхол татаж буй нэг асуудал бол Тавантолгой. Өнгөрсөн оны эхээр Тавантолгойн баруун Цанхид хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн олон улсын компаниудаас Хятадын “Шиньхуа” групп 40 хувь, АНУ-ын “Пибоди Энержи” 24 хувь, Орос, Монголын хамтарсан консорциум 36 хувийг эзэмшихээр болоод байв. Энэ хуваарилалт “шударга бус” болсонд санаа зовж буйгаа Өмнөд Солонгос, Японы компаниудын төлөөлөгчид олон удаа илэрхийлсэн. Тэр ч бүү хэл Японы Ерөнхий сайд асан Наото Канаас С.Батболдод хандан Тавантолгойн төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн үгс бүхий захиа ирүүлж байсан юм. Гадны хэвлэлүүд мөн л энэ тухай шуугицгаасан. “Монголчууд донор орнуудаасаа татгалзсанаараа юу алдав” гэж ирээд л хэлэлцүүлэг маягийн зүйл өрнүүлэх нь холгүй юм болж байв. Японы төлөөлөгчид ч өөрсдөө “1990 он гарснаас хойш манай улс танай томоохон донор орон болж, тусламж дэмжлэг үзүүлж байсан” гэдгийг онцолж байсан юм. Энэ үг нь цаанаа “Хэрэв Тавантолгойн төсөлд япончуудыг оролцуулахгүй бол бид хандив, тусламжаа зогсооно шүү” гэх сүрдүүлэх өнгө аяс цухалзаж байлаа.
Монгол бол ашигт малтмалтаар баян хэрнээ жижигхэн улс. Тиймээс их гүрнүүдийн ашиг сонирхлыг эн тэнцүүхэн хадгалж байж өөрийн ашиг сонирхлыг илэрхийлж, түүнийгээ гүйцэлдүүлэхийг зорьдог. Харин Тавантолгойн асуудалд Монголын эрх баригчид зөвхөн Орос, Хятадын тухай бодсоноос бус бусад гүрнийг мартаж орхисон уу гэлтэй. Гэвч умартсаныг сануулсан Наото Каны захидал байгаа оносон бололтой. Ерөнхий сайд С.Батболд түүний захидлын хариуг өөрийн биеэр хүргэж өглөө. Тэрбээр Японд хийж буй айлчлалынхаа үеэр Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой Японы компаниудтай гэрээ анхан шатны гэрээ хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурлаа. Хариуд нь япончууд урьдын адил найрсаг харилцаатай гуравдагч хөрш хэвээр байхаар болж, Монгол Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав. Монгол, Японы хооронд хийгдэх худалдаа ойрын таван жилд хэд дахин нэмэгдэх тооцоог шинжээчид гаргав. Япон улс манайхтай эдийн засгийн стратегийн түншлэлээ ийм хурдацтай хөгжүүлж, шинэ түвшинд гаргасан анхны гуравдагч хөрш болов.
"Улс төрийн тойм" сонин