Шинэ улирал эхлэхээс өмнө хэд хэдэн асуудал дагуулаад байсан Японы сүмогийн холбоо товлосон хугацаандаа хаврын башёг эхлүүлж чадлаа. Ингэхдээ санхүүгийн хямралд орсон хэвээрээ байгааг холбооны удирдлагууд мэдээлсэн. Сүмогийн тэмцээн эхэлдэг өдөр тус холбооны ерөнхийлөгч нийт сүмоч, сүмо сонирхогч болон ояката нарынхаа тусламжтайгаар санхүүгийн хямралаас гарна гэдгээ илэрхийлжээ. Энэ удаагийн башё хэд хэдэн сүмочид чухал гэдгээрээ онцлогтой. Ингээд хаврын башёгийн гурав дахь өдрийн барилдааныг тоймлон хүргэе. Тавин хувийн амжилтаа үзүүлээгүй тохиолдолд жюүрёод унах магадлалтай байгаа Тамаваши /2-1/ өчигдөр нутаг нэгт Шотэнрүд /2-1/ өвдөг шороодлоо. Тэгвэл башёгийн эхний өдөр урамтай барилдаж даваа авсан Асасэкирюү /1-2/ хоёр дараалан унав. Харин Маэгаширагийн гуравт эрэмбэтэй байгаа Кёкүтэнхо /0-3/ одоогоор даваа авч амжаагүй явна. Башё эхлэхийн өмнөхөн түүний харьяалагддаг “Ошима” дэвжээ татан буугдсан. Уг нь энэ дэвжээг Кёкүтэнхо өвлөн авах ёстой байсан. Гэвч тэрээр жюүрёод унах хүртлээ зодог тайлах бодолгүй байгаагаа илэрхийлснээр дэвжээг нь татан буулгахаас өөр аргагүйд хүрчээ. Тус дэвжээнээс одоогийн байдлаар таван бөх “Миягино”-д данстай болсон байна. Энэ башёд оозэки цол авах магадлал өндөртэй байгаа Какирюү /3-0/ өрсөлдөгчөө шилдэж татах /шитатэнагэ/ мэхээр өвдөг шороодуулжээ. Ингэснээр тэрээр тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдсэн. Харүмафүжи /3-0/ нутгийн хүчтэн Токитэнкүгээр /0-3/ даваагаа ахиулав. 13-аас дээш давж түрүүлэх болзолтой Барүто өрсөлдөгчөө түвэггүйхэн унагалаа. Ингэснээр тэрээр гурван даваатай тэргүүлэгчдийн эгнээнд байна. Түүнийг 13-аас дээш даваатай түрүүлбэл ёкозүна цол олгоно хэмээн сүмогийн холбооноос амласан. Котоошү, Кисэносато, Котошогикү нарын оозэки цолтнууд бүгд 1-2 унаатай байгаа юм. Өнгөрсөн башёд түрүүгээ алдсан 69 дэх их аварга Хакүхо алдаагаа засахын тулд нэлээд эрчимтэй бэлтгэл хийжээ. Үүнийгээ барилдаан бүр дээрээ нотолж байна. Өчигдөр Хакүхо /3-0/ ээлжит даваагаа авсан юм. Түүний гол зорилго нь хаврын башёд түрүүлж их аварга Таканоханатай амжилтаараа зэрэгцэх явдал ажээ. Гурван өдрийн дараахь байдлаар нэг ч унаагүй найман бөх байна.
Өнөөдрийн барилдаанд:
Тамаваши-Икиой
Шотэнрү-Ваканосато
Асасэкирюү-Такарафүжи
Точиновака-Харүмафүжи
Барүто-Какирюү
Кёкүтэнхо-Котошогикү
Хакүхо-Токитэнкү
“Спортын шуудан” сонин