Хятадын парламентын чуулган өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Хятадын парламентын чуулган өндөрлөв

Хятадын парламентын чуулган буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдын Их Хурал өнөөдөр өндөрлөлөө. Есөн хоног хуралдсан чуулганаар хууль тогтоогчид Засгийн газрын ажлын тайланг хэлэлцэн, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталжээ. Хятадын Ерөнхий сайд Вень Зябао чуулганыг нээж үг хэлэхдээ эдийн засгийн өсөлтийн хурд буурах хандлагатай болж буйг анхааруулж, тогтвортой хөгжлийн төлөө эдийн засгийн шинэчлэл явуулахаа мэдэгдсэн байна. Вень Зябао чуулганы дараа гадаад, дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, асуултад нь хариулсан юм. Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр парламентын чуулганаар нийт үндэстний 2012 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, төсвийн асуудлыг хэлэлцсэн байна. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нийт үндэстний 3000 гаруй төлөөлөгчийн саналаар дуу нэгтэй баталсныг шүүмжлэх хүмүүс байгаа ч нэмэлт өөрчлөлт тэрс үзэлтнүүдийг баривчлах цагдаагийн ажилтнуудын эрх мэдлийг хязгаарлах зорилготой гэж хууль тогтоогчид тайлбарлаж байгаа юм байна. Хятадын парламентын энэ удаагийн чуулган нь тус улсын удирдагчийн шилжилтийн өмнөх сүүлчийн хурал болж байгаа юм. Өнгөрсөн 2003 онд Хятадын даргаар сонгогдсон Ху Жинтао ирэх аравдугаар сард төрийн дээд эрх мэдлийг  дэд дарга Ши Жинпинд шилжүүлэх  юм. Гэвч хөшигний цаана Хятадын төрийн дээд албан тушаалтнууд эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцэл өрнөж буй талаар олон улсын сурвалжлагч нар бичиж байна. Гэвч Хятадын Коммунмист нам эцсийн шийдвэрийг гаргах нь тодорхой аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж