
-Энэ сарын 12-ноос иргэдийн материалыг хүлээн авсан. Одоогийн байдлаар хэчнээн хүн өргөдлөө өгчихөөд байна вэ. Ачаалал их байна уу?
-Өнгөрсөн даваа гарагаас эхлэн иргэдийн материалыг хүлээж авсан. Эхний өдөр 35 иргэн материалаа албан ёсоор өглөө. Мөн 10 гаруй хүний материалыг шаардлага хангаагүйн улмаас буцаасан. Дугаарлаж зогссон, ачаалал үүссэн тохиолдол одоохондоо гарсангүй. Иргэдээс ирсэн материалыг нэгтгэн шалгаж үзээд нэг хоногийн дотор арилжааны банкууд руу шилжүүлж байна. Арилжааны банкинд очсон материалыг шалгаж хянасны эцэст 15 хоногийн хугацаанд судалгаа шинжилгээ хийсний дүнд хариуг нь өгөх юм. Бичиг баримттай холбоотой асуудал манай байгууллага дээр саатаж, удна гэсэн зүйл байхгүй. Өчигдөр ирсэн материалыг өнөөдөр, өнөөдөр ирсэн материалыг маргааш нь банк руу явуулж байгаа.
-“Барилгын компаниуд байр, орон сууцны метр.квадратын үнийг нэмсэн байна” гэж иргэд их бухимдах болж. Үүнд танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?
-Тиймээ, иймэрхүү асуудал гарч байгаа. Барилгын үнээ нэмсэн байна гэх гомдол зөндөө ирж байна. Гэхдээ энэ нь манайхтай ямар ч хамаагүй.
Орон сууцны зээлийн материалаа бүрдүүлж ОССК-д өгч буй иргэдтэй уулзаж хүндрэлтэй асуудал байгаа эсэх талаар тодрууллаа.
Б.ЭНХБАЯР: ЭД ХӨРӨНГИЙН ЛАВЛАГАА АВАХ ГЭЖ НЭЛЭЭД ХӨӨЦӨЛДЛӨӨ
Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны иргэн Б.Энхбаяраас дараах асуултад хариулт авав.
-Материал бүрдүүлэхэд хүндрэлтэй зүйл байна уу?
-Би нөхөртэйгээ өнгөрсөн сарын 28-наас материалаа бүрдүүлж эхэлсэн. Ихэнх материалыг бүрдүүлэхэд бэрхшээл гараагүй. Харин эд хөрөнгийн лавлагаа авах гэж нэлээд хөөцөлдлөө. Бараг 10-аад хоног зарцуулсан байх. Байраа сонгох гээд хайж байх зуур байрны үнэ нэмэгдсэн байна. Түүнээс гадна байрны сонголт бараг байхгүй болчихож. Ойролцоогоор 15 давхар орон сууцны арваас дээш давхруудад байр үлдсэн гэхэд болно. Нөхөр бид хоёр нийлээд сард 900 гаруй мянган төгрөгийн орлоготой. Тиймээс зээл авахад хүндрэл байхгүй гэж бодож байна.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц.Даваасүрэн ийн ярив.
-Та өмнө нь байрны зээл авахаар хөөцөлдөж байв уу. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахын тулд хэдийнээс материалаа бүрдүүлж байна вэ?
-Өмнө нь байр авах санаатай “Голомт” банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан. Энэ асуудал бараг бүтчихсэн байсан юм. Тэгсэн ашгүй зургаан хувийн хүүтэй зээл гэж нэг сайхан зүйл гарч ирсэн. Үүнээс болоод өмнөх зээлээ буцаагаад бэлтгэчихсэн байсан материалаа ОССК-д өгчихөөд явж байна. Би хувиараа бизнес эрхэлдэг. Сардаа хоёр сая орчим төгрөгийн орлоготой. Ийнхүү ОССК-д өргөдлөө өгч байгаа иргэдтэй уулзсан юм. Тэдний хувьд орон сууцны зээлийн материалаа бүрдүүлэх явцад хамгийн их хүндрэл учруулж байгаа зүйл нь эд хөрөнгийн лавлагаа гэдгийг онцолж байв. Зөвхөн энэ удаад гэлтгүй байнга хөл хөдөлгөөн ихтэй байдаг Улсын бүртгэлийн ерөнхий газарт орон сууцны зээлтэй холбоотой асуудлаар хандаж буй иргэд олон байлаа. Ингээд УБЕГ-ын Сургалт, сурталчилгааны төвийн ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн иргэд лавлагаа авах гэж танай байгууллагыг зорих болсон. Гэхдээ энд нэлээд хүндрэл учирж байгаа талаар иргэд ярих болов. Яагаад ингэж байгаа юм бэ?
-Лавлагаа авахаар ирж байгаа иргэдийн 80 хувь нь өмнө нь орон сууцтай байсан иргэд байна. Эцэг эхчүүд нь хүүхдээ бага байхад нь байрны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн тохиолдол олон бий. Аль эсвэл бага байхад нь бүртгүүлээд дараа нь энэ тухай холбогдох албаны хүмүүст хэлээгүй гэх мэт асуудал гарч байна. Өнгөрсөн даваа гарагийн байдлаар 4000 гаруй иргэдийн материал, 1000 гаруй иргэдийн лавлагааг өгчихөөд байна. Богино хугацаанд ачаалал ихэссэнтэй холбоотойгоор лавлагаа авахад өдөрт тодорхой хязгаар зааж өгсөн. Нэг өдөрт 400 хүн хүлээж авахаар зохион байгуулж дугаар тараасан. Эд хөрөнгийн үечилсэн лавлагааг авахын тулд 1997 оноос хойш өдийг хүртэл хугацаанд нийслэлийн найман дүүргээс ирсэн мэдээллийг шалгаж авч байгаа. Тиймээс холбогдох материалыг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор лавлагаа гаргаж өгөх юм. Ер нь лавлагаа авч байгаа хүмүүсийн 20 хувь нь байрны зээлд хамрагдах бололцоотой.
Ямартай ч зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авах сонирхолтой хүмүүс завгүй гүйцгээж байна.
"Улс төрийн тойм" сонин
