Инфляци өссөн шалтгааныг тайлбарлаж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Инфляци өссөн шалтгааныг тайлбарлаж байна

Үндэсний статистикийн хороо­ноос өнгөрсөн сарын эдийн засгийн байдлын талаар танилцуулга хийх­дээ өргөн хэрэглээний бараа бү­тээгдэхүүний үнэ өмнөх саруудтай харьцуулахад огцом өссөн гэсэн мэ­дээлэл өгсөн. Үүний шалтгааныг мэр­гэжлийн хүмүүсээс тодруулсан юм.


Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг:
“БАГШ, ЭМЧ НАР ЖАГСЛАА” ГЭЭД Л ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМДЭГ НЬ ИНФЛЯЦИ ҮҮСГЭДЭГ

-Өнгөрсөн сард өргөн хэ­рэг­лээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид огцом өөрчлөлт гар­сан гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Үнийн огцом хэлбэлзэх болсон шалтгааныг юунаас болсон гэж та бодож байна вэ?

-Өргөн хэрэглээний бараа бү­тээгдэхүүний үнэ өссөн нь үндсэн хоёр шалтгаантай. Өнгөрсөн сарын хувьд баярын сар тохиосон учир өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт маш их байсан. Ер нь баярын саруудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсдөг нь хэвийн үзэгдэл болсон шүү дээ. Нөгөөтэйгүүр, эрэлтийг дагаад нийлүүлэлт тийм ч уян хатан байгаагүйгээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн гэж болно. Нийлүүлэлтийн зохицуулалтыг төрөөс сайн хийж чадаагүй. Ту­хайлбал, нөөцийн махны нийлүүлэлт байна. Зах зээлийн нийгэмд бүх асуудлыг төр хариуцна гэж байхгүй учир нийлүүлэлтийн цогц системийг бий болгоход анхаарч уян хатан бодлого явуулах хэрэгтэй юм.

-Цалин, тэтгэврийг хоёрдугаар сараас нэмэхээр болсон. Тэгэхээр энэ асуудал үнийн өсөлтөд тийм ч их нөлөөлөөгүй байх нь ээ?

-Цалин, тэтгэврийн нэмэгдэл манай улсын хувьд инфляци үүсэхэд мэдээж тодорхой хэмжээгээр нө­лөөлнө л дөө. Зүй нь бол инфляцийг өсгөхгүй байх бүх боломжит арга хэмжээг авсныхаа дараа цалин, тэтгэврийг нэмэх ёстой. Гэтэл манай улсад “Багш, эмч нар жагслаа” гээд л эдийн засагтаа урьдчилан сэргийлэх тариа хийлгүйгээр цалин нэмчихэж байна шүү дээ. Тэгэхээр инфляци өсөхгүй гээд яах билээ. Уг нь бол өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хямд байлгаж, иргэдийг худалдан авах чадвартай байлгах хэрэгтэй байгаа юм. Манай улс хүн амынхаа хэрэглээний ихэнх зүйлийг импортоор авдаг. Эрэлт их байгаа иймэрхүү үед төгрөгийн ханш суларч ам.долларын ханш чангарахад бидний худалдан авах чадвар муудах юм.  

Харин Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал:
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГЧИД ИНФЛЯЦИ ӨССӨН ШАЛТГААНЫГ БҮРЭН ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ


-Үндэсний статистикийн хо­рооноос гаргасан судалгаагаар инфля­цийн түвшин өмнөх са­руудынхаас огцом өссөн байсан. Үүний шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-Өргөн хэрэглээний бараа бү­тээгдэхүүний үнэ ханш ямар шалт­гаанаар өсөөд байгааг бүрэн дүүрэн тайлбарлах хүн Монголд байхгүй болов уу даа.

-Ямар учраас та тэгж хэлж байна вэ?

-Инфляцид маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Үүнийг далимдуулан маш олон янзаар тайлбарлаж байгаа шүү дээ. Тухайлбал, “Шатахууны үнэ, валютын ханш, үгсэн хуйвалдсан, хүлээлтээс болж инфляци өссөн” гэж зарим нэг нь хэлж байхад нөгөө хэсэг нь “Засгийн газраас бэлэн мөнгө тарааснаас болсон, Монголбанк мөн­гөний хатуу бодлого баримталж байна” гээд л өөр, өөрсдийнхөөрөө онош тогтоож байгаа юм. Тиймээс инфляци чухам юунаас болоод өсөөд байгаа шалтгааныг ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил оруулахгүйгээр оношилох ёстой. Үнэн хэрэгтээ энэ талаарх бодит судалгаа байхгүй учир эдийн засагчид тааж хэлэх л байх л даа. Гэхдээ тэр нь үүнд бүрэн дүүрэн хариулт болж чадахгүй.

-Тэгвэл таныхаар дээрх тайл­баруудын аль нь инфляци үүсэхэд илүү нөлөөлж байгаа бол?

-Бүгд л нөлөөлж байгаа. Харин аль нь хэдэн хувь нөлөөлж байна вэ гэдгийг нь судалж, бүрэн оношилох хэрэгтэй байгаа юм. Энэ жил сон­гууль болох учир хүлээлтээс үүссэн инфляци үүсэх магадлал өндөр байгаа. Үнэн хэрэгтээ эдийн засгийн энэ их өсөлтөөс болоод л инфляци өсөөд байгаа юм. Үүнээс болоод “Мөнгөний ханш унана” гэсэн яриа гарч хүмүүс бэлэн мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгож эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд манай зах зээл рүү орж ирэх валютын урсгал багасаж, зах зээл дээр эргэлдэх валют багассаныг далимдуулаад шатахууны ханшийг хөөрөгдөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш өссөн. Бодит байдал дээр хүмүүс гар дээрээ бэлэн мөнгөө барьчихаад эрэлт үүсгээд байгаа асуудал огтхон ч байхгүй байна шүү дээ. 

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж