Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтаж МБАТ-ий анхдугаар спартакиадыг өвөл, зуны спортын 17 төрлөөр явуулжээ. Анхдугаар спартакиадын бүх шатны тэмцээнд 130 мянга гаруй тамирчид оролцсоноос спортын зэргийг шинээр 1134 тамирчин, үүний дотор спортын мастерын болзлыг 21 тамирчин биелүүлж, улсын рекорд амжилтыг 29 удаа шинэчлэн тогтоосон байна. Спартакиадын нэгдсэн дүнгээр БТС-ын “Алдар”, “Булган” нийгэмлэгүүд тэргүүн байрт шалгарчээ.
Зуны XVIII, өвлийн IX олимпийн их наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, бэлтгэлийг хангах зорилгоор МБАТ-ий II спартакиадыг спортын 17 төрлөөр зохион явуулж, анхан шатны болон аймаг, хот, улсын бүс, шигшээ уралдаанд 200 мянган хүнийг оролцуулжээ. Спартакиадын шигшээ уралдаанд 3000 гаруй тамирчин оролцсоноос спортын мастерын болзлыг 25 хүн шинээр биелүүлж, улсын рекорд амжилтыг 16 удаа шинэчлэн тогтоосон байна.
Улаанбаатар хотын нийгэмлэг, их дээд сургуулиудаас “Алдар” нийгэмлэг, БТДС, “Барилгачин” нийгэмлэг, хөдөөгийн нийгэмлэгүүдээс “Өмнөговь”, “Булган”, “Хөвсгөл” эхний гурван байрт шалгарчээ.
Өвөл, зуны спортын 16 төрлөөр явагдсан МБАТ-ий III спартакиадад 1621 байгууллагын 157,9 мянган хүн хамрагдаж, спартакиадын явцад 4900 хүн спортын зэргийн нэгдсэн ангиллыг, үүний дотор 32 тамирчин спортын мастерын болзлыг шинээр биелүүлжээ. Улсын рекорд амжилтыг 46 удаа шинэчлэн тогтоосон байна. МБАТ-ий өвлийн III спартакиадад БТС-ын “Алдар” нийгэмлэг, зуны спартакиадад “Хөвсгөл” нийгэмлэг тэргүүн байр эзэлж, цом, диплом, мөнгөн шагналаар шагнуулав.
Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж МБАТ-ий IV спартакиадыг спортын 15 төрлөөр зохион байгуулав. Энэ спартакиадад БТС-ын “Булган” нийгэмлэг, УБДС шалгарч, спартакиадын бүсийн болон шигшээ тэмцээнд 5000 гаруй тамирчид шалгаран оролцож, улсын рекорд амжилтыг 23 удаа шинэчлэн тогтоож, спортын мастерын болзлыг 35 тамирчин биелүүлсэн байна.
Ардын хувьсгалын 50 жил, МБАТ-ий IV спартакиадад зориулсан уран хөдөлгөөнт гимнастик, фоны тоглолтод 3000 тамирчин оролцсон юм.
Өвөл, зуны спортын 16 төрлөөр явагдсан V спартакиадын бүх шатны уралдаанд 200 гаруй мянган хүн оролцсоноос спортын зэргийг шинээр 4000 гаруй тамирчин биелүүлсэн байна. Спартакиадын шигшээ тэмцээний үеэр спортын мастерын болзлыг 49 тамирчин шинээр биелүүлж, улсын рекорд амжилтыг 37 удаа шинэчлэн тогтоожээ. Спартакиадын нэгдсэн дүнгээр УБДС, БТС-ын “Дархан” нийгэмлэг шалгарсан байна.
1980 онд Москва хотноо болох зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах, спортын ур чадвар, амжилтыг ахиулах, бэлтгэлийг хангах зорилгоор МБАТ-ий VI спартакиадыг спортын 15 төрлөөр зохион байгуулжээ. Спартакиадад нийтдээ 300 мянган хүн оролцож, 39 мянган хүн ХБХБ тэмдгийн нормыг, 4300 гаруй хүн спортын зэргийн нормыг биелүүлсэн байна.
Спартакиадын бүсийн болон шигшээ уралдаанд 4360 тамирчин шалгаран оролцож, спортын мастерийн болзлыг 37 тамирчин шинээр биелүүлж, улсын рекорд амжилтыг 52 удаа шинэчлэн тогтоожээ. Энэ спартакиадын нэгдсэн дүнгээр “Алдар” нийгэмлэг, “Сүхбаатар” БТС-ын хороо, “Хөдөлмөр” нийгэмлэг эхний гурван байрт шалгарсан билээ. МБАТ-ий спартакиадын аварга тамирчид Москвагийн олимпод амжилттай оролцож, Ц.Дамдин, Ж.Даваажав нар мөнгөн медаль, Р.Даваадалай, Д.Оюунболд нар хүрэл медаль хүртэв.
МБАТ-ий VII спартакиад өвөл, зуны спортын 15 төрлөөр дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдав. Үйлдвэр, аж ахуй, сум нэгдэл, сангийн аж ахуй, албан байгууллага, сургууль, цэргийн анги бүрт яваглсан спартакиадын арга хэмжээнд 326 мянган хүн оролцсон нь өмнөх спартакиадаас 30 шахам мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт болов.
Спартакиадын шигшээ уралдаанд 1400 гаруй тамирчин оролцсоноос улсын шинэ дээд амжилтыг 44 удаа шинэчлэн тогтоож, олон улсын хэмжээний мастерын болзлыг 17, спортын мастерийн болзлыг 43 тамирчин шинээр биелүүлжээ. МБАТ-ийн VII спартакиадын зарим аварга Зөвлөлтийн бүх ард түмний спартакиадын шигшээ тэмцээнд урилгаар амжилттай оролцов. МБАТ-ий VII спартакиадад БТС-ын “Алдар” нийгэмлэг, Сүхбаатарын район, “Хөдөлмөр” нйигэмлэг, Октябрийн район, “Хүч” нийгэмлэг, Дархан хот эхний зургаан байрт шалгарав.
Уг спартакиадад өвөл, зуны спортын 17 төрлөөр гурван үе шаттай зохион байгуулжээ. Спартакиадын хүрээнд явагдсан нийтийн биеийн тамирын арга хэмжээнд 590 мянган хөдөлмөрчид, хүүхэд залуус хамрагдаж, спартакиадын аймаг, хот, бүсийн болон шигшээ тэмцээнд 68032 тамирчин оролцсон байна. Спартакиадын явцад 6960 тамирчин спортын цол зэргийн нормыг биелүүлсний дотор олон улсын хэмжээний мастер 2, спортын мастер 10, дэд мастер 21 шинээр төрж, улсын ба спартакиадын дээд амжилтыг 58 удаа шинэчлэн тогтоожээ.
МБАТ-ий өвлийн VIII спартакиадад БТС-ын “Алдар” нийгэмлэг, Октябрийн район, “Хүч” нийгэмлэг, зуны VIII спартакиадад БТС-ын “Алдар”, “Хүч” нийгэмлэг, Сүхбаатарын районы БТС-ын хороод шалгарч диплом, дурсгалын цом, мөнгөн шагналаар шагнуулав.
Монгол Улсад орчин биеийн тамир спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд МБАТ-ий IX спартакиадыг өвөл, зуны 19 төрлөөр зохион явуулсан юм. Спартакиадын шигшээ тэмцээнд 1860 гаруй байгууллагын 16000 орчим тамирчин хамрагдсаны дотор спортын гавьяат тамирчин 9, олон улсын хэмжээний мастер 75, спортын мастер 519, спортын дэд мастер 508, спортын зэрэгтэй 7900 шахам тамирчин, 900 гаруй шүүгч оролцжээ. Спартакиадын явцад 1470 тамирчин спортын цол зэргийн нормыг шинээр биелүүлсний дотор олон улсын хэмжээний мастер 19, спортын мастер 62, улсын шүүгч 101 шинээр төрж, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, буудлага, байт харвааны төрөлд улсын дээд амжилтыг 41 удаа шинэчлэн тогтоосон байна.
Спартакиадыг “Алдар”, “Хүч” спорт хороо, Сүхбаатар, Октябрь, Ажилчин дүүрэг, Дархан хот, Дорнод, Төв, Дундговь, Хэнтий, Завхан аймгийн Залуучууд, спортын хороод салбар болон нутаг дэвсгэрийн хэмжээнд сайн зохион байгуулжээ. Спартиакиадын аварга тамирчдаас Д.Мөнхбаяр (буудлага), Н.Баярсайхан (бокс) нар Барселоны олимпийн хүрэл медаль хүртлээ.
Х спартакиадыг 1999 оны гуравдугаар сараас 2000 оны гуравдугаар сарын хооронд улс орон даяар биеийн тамир, чийрэгжилт, спортын болон тахир дутуу иргэдийн тэмцээн гэсэн төрлөөр гурван үе шаттайгаар явууллаа. Спартакиадыг самбо, чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетик, байт харваа, дугуй, цана, тэшүүр, аэробик, буудлага, шатар, даам, хүндийг өргөлт гэсэн спортын 13 төрлөөр зохион байгуулж 228 байгууллагын 1740 гаруй тамирчин оролцсоноос улсын дээд амжилтыг 11 удаа шинэчлэн тогтоож, олон улсын хэмжээний мастер 5, спортын мастер 20 шинээр төрсөн байна. Спартакиадын бүх шатны тэмцээнүүдэд 500 гаруй мянган хүн хамрагдаж, нийлбэр дүнгээр “Алдар” спорт хороо, Баянзүрх дүүргийн БТССТ, “Хүч” спорт хороо, Чингэлтэй дүүргийн БТССТ эхний байруудад шалгарлаа.
МБАТ-ий Х спартакиадын хүрээнд нийтийн биеийн тамирын төрөл бүрийн арга хэмжээг зохион явуулж, Оюутны наадмыг жүдо, сагсан бөмбөг, волейбол зэрэг спортын төрлөөр зохион байгуулахад 52 их дээд сургуулийн 600 гаруй оюутан тамирчдыг хамарчээ. МБАТ-ий Х спартакиадыг зохион явуулсан нь Биеийн тамир спортын уламжлалт арга хэмжээг сэргээж, биеийн тамир чийрэгжүүлэлтийн ажлыг шинэ хэлбэрээр өргөжүүлэн олон түмний идэвх санаачилгыг нэгтгэн, олимп дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулж бэлтгэл сургалтыг чанаржуулахад чухал түлхэц өгсөн арга хэмжээ боллоо хэмээн үзжээ.
МБАТ-ий XI спартакиадыг орон даяар дөрвөн үе шаттай зохион байгуулж, тамирчинд спортын 20 төрлөөр 1150 медалийн төлөө өрсөлдсөн билээ. Тус спартакиадын шигшээ тэмцээнүүд зургадугаар сарын 7-13-нд төвлөрөн зохиогдох болсноороо урьдах спартакиадуудаас онцлогтой.
Энэхүү спартакиадыг зохион байгуулснаар иргэдээс биеийн тамир спортод оролцох оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, тэднийг хөхүүлэн дэмжих, хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэн сайжруулах, биеийн тамир спортын хөдөлгөөнд БТС-ын байгууллагын үүргийг нэмэгдүүлэх, их спортын төрлүүдийг хөгжүүлэх, шинэ дээд амжилтуудыг тогтоохоос гадна Афин-2004 олимпийн наадамд оролцох тамирчдын бэлтгэл, сургуулилтыг улам эрчимжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг төрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилго тавьсан байна. МБАТ-ий XI спартакиад нь “Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль” батлагдан гарч хэрэгжүүлэх эхний жил тохиож байгаагаараа чухал ач холбогдолтой бөгөөд Хуулийн дагуу дөрвөн жил тутам зохион байгуулагдахаар болсон байна.
Энэ наадмыг Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 16.1-д заасны дагуу 1961 оноос эхтэй Монголын бүх ард түмний спартакиадын үргэлжлэл болгон өвөл, зуны спортын 18, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр дөрвөн үе шаттайгаар таван сарын турш зохион явуулжээ. Их наадмаас шалгарсан 29 тамирчин Бээжин-2008 олимпийн наадамд, зургаан тамирчин Бээжин-2008 паралимпийн наадамд оролцсон юм.
МБАТ-ий спортын XII их наадмын хүрээнд анхан шатны 110, бүсийн 224, улсын аварга шалгаруулах 24 тэмцээн явагдаж, 15865 тамирчин хурд хүчээ сорин өрсөлджээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаар МБАТ-ий XIII их наадмыг 2012 оны I-VI сард дөрвөн үе шаттайгаар спортын 23 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөр улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд боксын тэмцээнээр нээлтээ хийсэн МБАТ-ий их наадмын цана, тэшүүр, ширээний теннисний тэмцээн Цагаан сарын өмнөхөн амжилттай явагдсан. Ойрын өдрүүдэд олс таталт, таэквондо, хүндийг өргөлтийн тэмцээнүүд явагдах юм.