“Утаагүй Дархан хот” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

“Утаагүй Дархан хот” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Дархан хот жил ирэх тусам өргөжин, гэр хороолол нэмэгдэж авто машины тоо эрс өсчээ. Үүнийг дагаж ихэссэн утаа оршин суугчдын санааг зовоох болсон. Дарханчууд Улаанбаатарын араас орохгүйн тулд анхнаасаа зөв менежменттэй ажиллахаар болж “Утаагүй Дархан хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон гэнэ. Уг хөтөлбөрийг боловсруулахдаа агаарыг бохирдуулагч эх үүсвэрийн болон агаарын чанарын судалгааг ашиглажээ. Ялангуяа Тосгон, Мангиртад агаарын чанар хангалтгүй гарчээ. Дархан хотод агаар бохирдуулагч 35113 эх үүсвэр байдаг ба үүнээс 6084 хөдөлгөөнт, 28232 суурин эх үүсвэр бүртгэгджээ. Өнгөрсөн онд л гэхэд 874 тээврийн хэрэгсэл, 121 галлагаатай айл өрх нэмэгдсэн нь жилээс жилд хүн амын өсөлттэй уялдаж, агаарын бохирдол ч тэр хэмжээгээр нэмэгдэж байна гэж судалгааны баг үзжээ.Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол, үйлдвэр аж ахуйн нэгж, хөдөлгөөнт эх үүсвэрээс гардаг утаа, тоосжилтыг бууруулах үндсэн зорилтыг “Утаагүй Дархан” хөтөлбөр дэвшүүлсэн байна.Хөтөлбөр хэрэгжсэнээр Дархан хотын агаарын бохирдол 2016 онд 20 хувиар, 2020 онд 50 хувиар буурна гэж тооцжээ.

                                                                                                                                       Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж