ЭМ-ийн сайд эмнэлгүүдэд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

ЭМ-ийн сайд эмнэлгүүдэд ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр нийслэлийн төв эмнэлэгүүдэд ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр өглөө 10.00 цагт Эрүүл мэндийн яамны харъя Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд зочиллоо. Түүний хамт Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нар болон ходбогдох хүмүүс ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв үйл ажиллагаа, одоогоор тулгамдаад байгаа асуудлуудтай танилцан, эмч ажилтнуудтай уулзалт хийн цаашид авах арга, хэмжээний талаар ярилцсан юм. 

Энэ үеэр ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатартай уулзлаа.

-Та өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.  Цаашид энэ төвд ямар арга хэмжээг авч ажиллах вэ?

-Би саяхан хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Улс эх орон хөгжиж байгаатай холбоотой хөгжлөө дагаад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгамдаж гарч ирдэг. Тиймээс улсын хэмжээнд мэргэжил арга зүйн хувьд удирдаж байдаг сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцан үүрэг даалгавараа өгөх, цаашид яаж ажиллах тал дээр харилцан ярилцан зорилтуудаа тодорхойлохоор ирлээ. Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хувьд тулгамдсан ас уудал байгааг сая тус төвийн захирал танилцууллаа. Энэ асуудлуудыг шийднэ. Хугацаа алдахгүй энэхүү асуудлыг шийдэх ёстой, үүрэгтэй. Тиймээс бид нар энэ асуудал дээр сайдын төлөвлөгөө батлагдаж, хэрэгжүүлнэ. Үүнээс гадна сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэдэ хүртээмжтэй хүргэхийн тулд энэ жилийг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар”-ын жил болгосон байгаа. Энэ хүрээнд есөн том зорилт тавьсан. Есөн том зорилтын дотор есөн багц ажил, буюу энэ ондоо 81 ажлыг эмнэлэгийн тусламж үйлчилгээг чанартай болгохын тулд хийе гэж байгаа. Үүнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхийн тулд олон ажлыг төлөвлөсөн. Үүний гол ажил нь ард иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр телевиз, радиогоор сургалт явуулъя гэж байгаа. Ер нь бид бол сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаас урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэг үүсэхгүй байх нөхцөл боломжийг хангах, тийм боломжуудыг бий болгох, бүтэц зохион байгуулалтынхаа хувьд төвлөрсөн тогтолцооноос саармагжуулсан тогтолцоо руу шилжих асуудлыг бүрэн ярьж шийдвэрлэнэ.

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд тулгамдаад байгаа дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Нэн тэргүүний тулгамдсан асуудал бол энэ төвийг нэгдсэн төвлөрсөн сүлжээнд холбогдох ажил. Энэ асуудалтай холбоотой үнийн тооцоо хийн, холбогдох байгууллагуудтай болон нийслэлтэй хамтарч байгаад шийднэ гэж бодож байна. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяртай уулзаж, асуудлаа хамтран шийдэх тал дээр ажиллана.

Тэгэхгүй бол бидний Сэтгэцийн эмгэгийн үндэсний төв дээр барьж буй өргөтгөл ашиглалтад орвол одоогийн байгаа барилга байгууламж ачааллаа дийлэхгүй. Би 14 хоногийн өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн удирдах зөвлөлийг байгуулсан байгаа. Тиймээс удахгүй уирдах зөвлөл хуралдан эдгээр асуудлыг системтэй, үе шаттайгаар шийдвэрлэх үйл ажиллагаандаа орно гэж бодож байна.

-Шинэ өргөтгөлийн газрын асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол?

-ЭСҮТ-д шарил хадгалах болон ажиллах нөхцлийг хангах өргөтгөл барихаар шийдвэр гарсан байгаа. ЭСҮТ-ийн барилгын зураг төсөл батлагдаад гарсан бид одоогоор газрын асуудлыг нь шийдэхээр ярилцаж байна. Үүнд, хоёр гурван газрыг сонгоод яригдаж байна. Жишээ нь Байгалийн голомт халдварт өвчин судлалын үндэсний төв дээр газар авахаар шийдвэр гарсан. Дулаан цахилгааны асуудлыг шийдээд тэнд барилга баригдаад эхэлнэ.

-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал өнөөдөр монголд ямар түвшинд байна гэж үздэг вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал маант тогтолцооныхоо хувьд бэхжсэн. Бүх аймгуудад сэтгэцийн эрүүл мэндийн тасагтай, тусгай мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Хүний нөөцийн асуудлыг ерөнхийдаа сайн шийдвэрлэсэн. Гэхдээ бодлогыг хэрэгжүүлэх тал дээр хийх ажлууд олон байна.

-Сэтгэцийн эмгэг, мансуурах төрлийн хэрэглээ иргэдийн дунд өсч байгаа? Энэ тал дээр яаж ажиллахаар төлөвлөж байна?

-Архины хэрэглээ, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эмийн  гаралтай сэтгэцийн өвчлөл, эмгэгүүд бүртгэгдэж байгаа. Жишээ нь орон нутгаар явахад архитай холбоотой сэтгэцийн эмгэгүүд илэрч байгаа  тохиолдол нэмэгдэж байна. Гэхдээ ЭМЯ-наас энэ тал дээр орыг нэмэх бодлого явуулахгүй. Хэдийгээр орыг нэмэх зайлшгүй шаардлага байгаа ч орыг цөөлөх буюу архидалтаас урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлж, эмчлэх чиглэлийг барьж бодлогыг хэрэгжүүлж ажиллана. 

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр Клиникийн II нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцана.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж