Арго мэргэжлээ олсон нь

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Арго мэргэжлээ олсон нь

Эхээс төрөхдөө л амандаа багтахгүй олон “хэлтэй” болсон гэж ойлгодог байсан Арго багш уг нь Ариунболд гэдэг Монгол сайхан нэртэй юм байна. Саяхан л мэдлээ. Өмнө нь яагаад хэн ч анзаардаггүй байсан хэрэг вэ. Зурагтаар заадаг хичээлийг нь харж, сонсож суухдаа тухайн цаг мөчөө л хөгжилтэй өнгө­рүүлэхээ л боддог байснаас биш мань эрийн жинхэнэ нэр усыг яг үнэндээ сонирхдоггүй байж. Танил болчихсон Арго нэрээр нь л хэн хүнгүй түү­нийг “цаашлуудаг” билээ. Өө­рөө ч “хоосонгүй” эр. Байс­хийгээд л нэг юм яриад гараад ирнэ. Анх “Чой.Лувсанжав л амьд байсан бол миний урд гишгэнэ” гэж ирээд л гадаад хэлний мэдлэгээрээ гайхуул­даг байлаа. Толь бичгийн олон ч ном зарсан байх. Хэнд хэрэг болсныг мэдэхгүй. Гэтэл Их дэлгүүрийн үүдэнд  гадаадын нэг хүнийг сугадчихаад оюу­тан охиноор орчуулга хийл­гэчихсэн алхаж яваад тараа таниулсан гэдэг. Дараа нь юм юм л хийсэн дээ. Онгодоо авч зайран боллоо л гэсэн. Тэ­гээд “Мөнгөний шувуу”-ны баа­хан фото зураг борлуулж чад­сан. Бас илтгэх урлагаар хэсэг бужигнуулсан. Тэгсэн саяхнаас  хошин урлагт хүч сорих гэж буйгаа зарлалаа. Хошин шогийнхон түүнд таалагдахгүй байгаа учраас энэ салбарыг “өөд нь” татахаар зориг шулуудсан юм байх. Ингэхийн тулд одоохондоо театр байгуулах бөгөөд өөрөө захирал, жүжигчин, найруу­лагч, жолооч гээд хамаг юмаа амжуулах аж. Нэг хүний театр гэсэн үг. Алсдаа Хошин урлагийн ордон байгуулах бодолтой байгаа гэсэн. Тэр чадах байх аа. Гол нь түүнийг хошин урлагийн жүжигчин болсныг сонссон олон хүн “Нүдээ олсон сонголт” хэмээн нуг нугхийж байна. Уг нь бол Арго энэ салбарт шинэ хүн биш. Заавал тайзан дээр жүжиглэж, алиалахгүй байсан ч өөрийнх нь байгаа байдал хөх инээд хүргэдэг гэдгийг хүмүүс мэднэ. Гэтэл хүн инээлгэх гэж яаж ч марзаганаад чаддаг­гүй жүжигчид байж л байдаг шүү дээ. Тиймээс тэр заавал тайзан дээр гарна гэж зүтгэж байна. Тэр ч байтугай нүцгэн шалдан гүйж байж ард түмнийг инээлгэхийг хүсчээ. Өөр бас юу ч үзүүлж магадгүй гэж бардам хэлж байсан. Гэхдээ “элэг татаах” бизнесээ аль нэг жижигхэн газар биш, “UB PALACE”-ийн их танхимд тоглох юм билээ. Олон хүн ирнэ гэдэгт эргэлзэх юм алга. Аргогийн байх газар маргаангүй энэ. Тэр удтал хайсны эцэст жинхэнэ мэргэжлийн салбараа оллоо. Баяр хүргэе.

Н.Мөнхтөвшин

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж