Эхний тоглолт “Харцага” болон “SBL Becks” багийн хооронд болж, үндсэн цаг 83:83 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Улмаар нэмэлт цагт ялагчаа тодруулахаар болсон юм. Өмнөх тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн Донелл Магий 32 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Марков Павлович, Г.Одбаяр нар тус бүр 14 удаа бөмбөг авчээ. Тэдний эсрэг “SBL” Багийн төв Жэймс 20 оноо, 13 удаагийн самбараас бөмбөг авалт, Аарон Холл 20 оноо, найман удаа самбараас бөмбөг авч, багаа тэргүүлсэн ч нэмэлт цагт туслалцаа дутсан юм. Тоглолт 92:85 харьцаатай “Харцага”-ын ялалтаар өндөрлөж, лигийг тэргүүлэгчдийн нэг хэвээр үлдлээ.
Дараагийн тоглолт үзэгчдийн таамаглаагүй үр дүнг үзүүлсэн. “Хасын Хүлгүүд” багт анхны хожигдлыг нь хүлээлгэж чадсан Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай “Баянзүрх Буллс”, залуу бүрэлдэхүүнтэй “TLG-13” багтай тоглосон. Эхний тойрогт “Баянзүрх Буллс” туршлага заан илүүрхэж байсан бол энэ удаад “TLG-13” багийн хамгаалалт, довтолгоо тоглолтын турш илүү байсан гэж болно. Довтлогч Кэн Блэйк 29 оноогоор багийн нөхдөө тэргүүлсэн. Тэдний эсрэг “Буллс”-ын Дин Хадли 34 оноо, н.Баттөр 16 оноог авч шилдэг тоглолтыг үзүүлсэн ч үндсэн цагт 84:82 харьцаатайгаар “TLG” хожил байгуулсан. Тоглолтын эцсийн мөчид Бат-Орших бөмбөгийг тоглолтод оролцуулахдаа таслуулан улмаар Дархантөгс хурдан довтолгооноор түүнийг нь хоёр оноо болгосноор “TLG-13” баг тааварлаагүй хожлыг байгуулсан юм.
Сүүлийн тоглолт ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны “Офицерууд” болон ШУТИС, QGX компанийн “Акулууд” багуудын хооронд өрнөсөн. Энэ тоглолтод шигшээ багийн холбон тоглогч Батбямба онцгой сайн байсан тоглосон гэхэд болно. Тэрээр 29 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол төвийн тоглогч Фергюсон түүнд 22 оноогоор тус болжээ. Ингэснээр тэд 97:64 харьцаатай “Акулууд” багийг бут ниргэж, зургаа дахь хожлоо авсан юм.
Багануурт дүүрэг болсон лигийн тоглолтын үеэр Аюурзана агсны гэргий МСБХ-нд 50 жилийн ойн мэнд хүргээд 1958 онд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Берлинд тоглож явахдаа дурсгал болж авч байсан зүйлсийг бэлэн болгон өгсөн юм.