Хотоос л хол амьдрахсан

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Хотоос л хол амьдрахсан

Агаарын бохирдол, угаараас арай гэж нэг салах улирал ирлээ хэмээн баярлатал хаврын хаварт яригдаад замхаран оддог угаадас, үнс, хог, ялгадас зэрэг “нөхөрлөөд” хаалга тогшино. Гэхдээ энэ тогшилтыг хэн ч сонсдоггүй. Учир нь хөл дор, хөрсөн дотор арзайх сая сая нян, бакерийг хэн ч олж хардаггүй. Өөрийн хашаа л цэвэрхэн бол тавхан алхамын цаана, хашааны гаднах муу муухай бүхэн надад лав  хамаа ч үгүй гэж эндүүрэх нь харамсалтай. Даанч эндүү бодол.  Угаадасны цооног гаргахад хэдхэн метр газар ухах цаг зав мөнгө байхгүй бол гудамж бүрийн үзүүрт “Хөлсөөр,түргэн шуурхай жорлон, муу усны нүх ухна” гэсэн зарлуу утасдаж болно шүү дээ. Хороо хорины ажилтанууд ч элдэв анкет бөглүүлж, судалгаа авахаас биш муу усны нүх байна уу үгүй юу, хогоо хаана асгаж байгаа нь тэдэнд огт хамаагүй. Угаадас, үнсээ асгадаг айлыг олоход тун амархан. Муу усны нүх байгаа эсэхийг нь харахад л хангалттай. Гэхдээ бас өөрийн цооногийг дүүрэхээс сэргийлж хашааныхаа гадна асгах айлууд ч цөөнгүй гэнэ. ”Бүх нийтийн цэвэрлэгээ хийхээрээ хотын төвийн гудамж талбайг л цэвэрлэнэ. Харин гэр хорооллынхон гудамжаараа цэвэрлэгээ хийнэ гэж хэзээ ч байхгүй. Уг нь жинхэнэ гэр хорооллынхныг өөрсдийнх нь тарьсан бүх муу муухайг  нь цэвэрлүүлэх хэрэгтэй. Огиудас нь хүрч, яс махаараа мэдэрч байж л ухаан сууж магад.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд угаадсаа цацчихаад, хувингаа хажуудаа тавьж, тухтай гэгч нь тамхи баагиулан зогсох 60 шахам насны өвөө бусдаас айж гэрэвшсэн шинж огтхон ч алга. Бүгд л асгадаг юм чинь юунаасаа ч айх билээ.

-Өвөө та жалга руу угаадсаа асгаж болж байгаа юмуу? Ингэх ёсгүй шүү дээ.

-Уух юм биш өөр хаана асгах юм билээ дээ хүү минь. Хүүхдүүдийг угаадасны нүх ухаад өг гэхээр ухаж өгөхгүй юм. Эндхийн газар чулуу ихтэй ухахад тун хэцүү. Ухлаа ч гэсэн дорхноо л дүүрнэ. Манай энэ хавийнхан чинь ихэнх нь энэ жалга руу л асгадаг юм. Одоо салхилаад ирэхээр  жорлонгийн үнэр гэж төсөөлөхөд бэрх болно.

Уг нь зунд нэг удаа жорлон руугаа хий гээд ундааны савтай цагаан өнгөтэй  бодис өгдөг. Тэр нь хэрэгтэй ч юм уу үгүй ч юмуу бүү мэд.

-Гудамжаар явахад өвөлд халитраад, хавар болохоор шавхай чирээд, үнэр танар нь та нарт хэцүү байдаггүй юу?

-Хэцүү байлаа гээд яахав дээ. Хаа сайгүй л ийм байгаа юм чинь. Ямар нүүлтэй нь биш дээ. Өвөө нь хотод Увс аймгаас арван жилийн өмнө шилжин орж ирсэн. Өвөлд утаа униар, хог новшноос нь залхаад хөдөө рүүгээ л явмаар байх юм. Даанч хүүхдүүд энд ажил, сургуультай болохоор өөр арга алга.

-Хогоо бас энэ жалганы амсарт асгадаг уу?

-Тэгэлгүй яахав. Хоёр сарын эхээр л нэг хог ачсан гэсэн. Тэр үер нь гэр эзгүй байж таараад ачуулж чадаагүй. Одоо дөрвөн сар дөхөж байна. Хогны машин сураг ч алга. Ачихгүй байж хогны мөнгө автоматаар аваад байдаг нь хачирхалтай. Хаашдаа ингээд асгачихаар ирээд ачаад явчихдаг юм.

-Хэн цэвэрлэдэг вэ?

-Хогны эргүүл гээд нэг бор хүү бий. Тэр л хамж байгаад нэг ачуулдаг юм. Хашаандаа овоолж байснаас гээд л хүмүүс энд хогоо овоолчихсон арай цэвэрхэн шүү дээ.

Чингэлтэй дүүргийн хороодод хогны эргүүлүүдийг цалинжуулж ажиллуулж байгаа ч тэд нь сард нэг удаа иргэдийн асгасан хогийг овоолохоос өөр ажил хийдгүй аж. Иргэд нь жалга руу хогоо асгаж, хогны эргүүл нь сард нэг удаа ачуулдаг аж. Хог ихэдсэн үеэр очсон юмуу жалганы аман дээрхи хог яг л уул мэт сүндэрлэсэн байлаа.

ШУА, Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтдийн 2011 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хөрснөөс гэдэсний халдварт өвчин үүсгэгч E.Coli, Salmonelle, эмгэг төрөгч зэрэг бактериудаас гадна мөөгөнцөр их хэмжээгээр илэрсэн байна. 2010 онд  Хүн амын 45 хувь оршин суух Улаанбаатар хотын хөрсөнд агуулагдах 11 хүнд элементийг хотын гаднах хөрсөн дэх дээжтэй харьцуулж үзэхэд Дэнжийн мянга, Амгалан, Шархад, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд хэсгийн гэр хороолол, Баянхошуу,100 айл орчим зэрэг газруудын хөрсний бохирдол 95 хувь буюу нянгийн бохирдол байх ёстой хэмжээнээс 10-16 дахин их хэмжээнд хүрч байсан. Харамсалтай нь ийм орчинд амьдарч буй нийслэлчүүд төдийгүй ургамал, амьтнаас эхлээд амьтай бүхэн хордож, нэгээс нөгөөд нянгийн халдвараа тараасаар байна. Гэдэсний халдварт өвчин болох цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал болон малаас хүнд дамжин халддаг боом, бруцеллёз, мэрэгч амьтдаас хүнд халддаг тарваган тахал, галзуу, шимэгч хорхойн халдварууд гэгддэг хүүхдийн хялгасан хорхой, цагаан хорхойтох, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, хүний хүж хорхойгоос гадна, сүрьеэ, амьсгалын замын өвчин гээд урин дулаан цагт ихээр тусдаг өвчнүүдийн гол шалтгаан нь ХӨРСНИЙ БОХИРДОЛ. Хотын ойролцоох дагуул хотуудыг яаралтай байгуулж, гэр хорооллыг яаралтай орон сууцжуулах хэрэгтэй байна. Айл болгон хашаандаа муу усны цооног ухах тухай захирамж гаргахад хангалттай мэт. Мөн хогны мөнгөө сар сард нь аваад байж чадаж байгаатай адил хогоо ч гэсэн ачдаг болчихвол. Ингээд санал тавихаар урдаас эх захгүй шалтаг тоочоод эхлэх нь тодорхой тэр эрхтэн дархтангууд.

Болдогсон бол хотоос хол амьдрахсан.

                                        Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж