Автобусны жолооч нар архинаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Автобусны жолооч нар архинаас татгалзлаа

Монголын хувийн автобусны эзэд, жолооч нарын холбооноос дэмжиж буйгаа илэрхийлж “Өндөр бүтээлийн зургаан сарын аян”-ыг эхлүүлжээ. “Автобус III” компанид энэ арга хэмжээний нээлтэд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайхан, Монголын хувийн автобусны эзэд, жолооч нарын холбооны ерөнхийлөгч Х.Галмандах, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу болон нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар оролцсон байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд 100 гаруй аж ахуйн нэгжийн 2500 гаруй жолооч ажилладаг. Тэд аяныхаа хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй олон нийтэд архины эсрэг сурталчилгаа хийж, тээврийн хэрэгслийнхээ дотор энэ талын зар, ухуулан таниулах зурагт хуудас байршуулах гэнэ.

Өнгөрсөн онд зам тээврийн 8976 осол бүртгэгдсэнээс 94.9 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна. Тэр дундаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1236 хүнд хариуцлага тооцсон байна.

                                    Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж