Цөмийн хаягдлын тухай нийтлэл нууц хэлэлцээг бүрхэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Цөмийн хаягдлын тухай нийтлэл нууц хэлэлцээг бүрхэгдүүлжээ

Япон АНУ хамтран Монголын нутагт олон улсын цөмийн хаягдал булахаар төлөвлөж буйг дэлгэн бичсэн Майничи Шинбүн сонины сэтгүүлч Харуюүки Айкава Японы сэтгүүл зүйн нэр хүндтэй шагнал хүртжээ. Майничи Шинбүн сонины сэтгүүлч Харуюүки Айкава цацраг идэвхит бодисын хаягдлыг булах нууц гэрээ хэлэлцээний тухай олон нийтэд мэдээлж, шуугиан дэгдээсэн билээ. Газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Японы цөмийн томоохон станцын нэг болох Фукушимагийн хямралтай зэрэгцэн Монголд цөмийн хаягдал булах нууц хэлэлцээ болсныг тэрбээр илчилсэн билээ. Майничи Шинбүний сэтгүүлч Харуюүки Айкава өчигдөр цөмийн хаягдал булах нууц хэлэлцээний талаар дахин нийтлэл бичсэн байна.

Тэрбээр “Би 2011 оны дөрөвдүгээр сарын 9-нд АНУ-ын цөмийн шинжээчтэй утсаар ярилцлага авч байхдаа Японы Эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн яам, АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран Монголд цөмийн хаягдал булах тухай нууц хэлэлцээг 2010 оны намраас явуулж байсныг олж мэдсэн юм. Тэр хүн энэ нууц төлөвлөгөөний талаар юу ч мэдээгүй Монголын ард иргэдэд  тус болох уу гэж надаас асуусан. “Монголчууд Японд найрсаг ханддаг. Тиймээс Японы хэвлэлд энэ талаар бичвэл монголчуудад илүү ойр тусах байх” гэж хэлж байсан. Би АНУ-ын цөмийн шинжээчтэй утсаар ярилцлага хийснийхээ дараа дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатарт очиж, Монголын Гадаад харилцааны яамны Цөмийн асуудал хариуцсан тусгай үүрэг хүлээгч, Элчин сайд А.Ундраатай уулзсан. Би түүнээс дээрх нууц хэлэлцээний талаар лавшруулан асуухын өмнө урьдчилан тохиролцсоны дагуу хэлмэрчээс бид хоёрыг үлдээхийг хүссэн юм. Би дуу хураагчаа унтрааж, түүнээс англиар асуулт асууж эхлэхэд Элчин сайд жаахан тайвшрах шиг болсон.

Элчин сайд А.Ундраа нууц хэлэлцээ хэрхэн явагдсан, ямар зорилготой байсан болон цөмийн хаягдлыг хаана булах талаар хэлэлцсэнийг хүртэл ярьсан. Хоёр цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын төгсгөлд Элчин сайд А.Ундраа Австралид цөмийн хаягдал булах тухай өөр хэлэлцээний талаар ч бас сонссон гэж хэлсэн юм. Түүний хэлснээр Монголын Засгийн газар Австралиас өрсч, цөмийн хаягдал булах байгууламжийг Монголд бариулах бодолтой байсан юм. Тэрбээр цөмийн хаягдал булахтай холбоотой өөр мэдээллийг монголчуудад хүргэж байхыг надаас хүссэн. Дараа нь би Монголын Засгийн газраас АЦС барихаар төлөвлөж буй гурван газрыг нүдээр үзэхээр хэд хэдэн удаа очсон билээ. Япон, АНУ цөмийн хаягдал булж, хариуд нь Монголд АЦС барьж өгөх байжээ. Би байршил тогтоох системийн дагуу дээрх газрууд руу явсан. АЦС барихаар төлөвлөсөн гурван газар нь нийслэл Улаанбаатар хотоос 200 км-ийн зайтай, хуучин Зөвлөлтийн цэргийн бааз байрлаж байсан газар байв. Гэвч тэндээс би цөмийн реакторыг хөргөхөд зайлшгүй шаардлагатай усны нөөц олж хараагүй. Ойролцоох нуур нь ширгэсэн байсан юм. Шинжээчид усгүй хуурай газар АЦС барина гэдэг үлгэр гэж ярьдаг.

Би Монголын цөмийн энергийн газрын мэргэжилтнүүдээс усгүй газар яаж АЦС барих гэж байгааг нь асуусан ч тэд гурван АЦС барих  газрууд бүгд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA)-аас гаргасан аюулгүй байдлын стандартад тохирч байгаа гэж ам тагласан. Монголын талаар сайн мэдэх Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яамны нэгэн ажилтан надад “Монголчууд ухаантай хүмүүс. Гэхдээ цөмийн эрчим хүчний тухайд ямар ч ойлголтгүй” гэж хэлж байсан билээ.

Цөмийн эрчим хүчний талаар сайн ойлголтгүй улс оронд цөмийн хаягдал булах АНУ, Японы зорилгод нийцнэ. 2010 онд Японы Ерөнхий сайд Наото Кан цөмийн эрчим хүчний экспортод онцгой анхаарал хандуулах шинэ стратегиа танилцуулсан юм. Цөмийн хаягдал булах байгууламж  байдаггүй  Япон улс цөмийн үйлдвэрлэлээр ОХУ, Францын ард ордог боловч бусад улс оронд АЦС байгуулж, оронд нь цөмийн хаягдлаа шахдаг.

Японы нэгэн албаны хүн “Монголд цөмийн хаягдал булах байгууламж барьснаар бид өөрсдийн сул талаа нөхөх нэг арга” хэмээн ярьсан юм. АНУ-ын хувьд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх бодлогоор олон улсад дэмжлэг олохын тулд цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд гол түүхий эд болдог цөмийн хаягдлыг булах газар олох нь зайлшгүй чухал. Монгол улс саяхнаас уран олборлолтыг дахин эхлүүлсэн боловч цөмийн эрчим хүчний ид шидийг үзээгүй байна. Гэвч Монголын ард иргэдэд тайлбарлан таниулалгүйгээр цөмийн хаягдал булах нь ухаангүй үйлдэл.

Намайг Монголд байх хугацаанд олон хүн надтай уулзаж, газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар нэг өдрийнхөө цалинг хандивлаж байсанд би нулимс унагахгүй байж чадаагүй юм. Цайлган, цагаан сэтгэлтэй хүмүүсийг хараад би өөрийн эрхгүй уйлсан. Хэлмэрч маань  хүртэл “Та их усан нүдлэх юм аа” гэж хошигносон шүү. Монголд цөмийн хаягдал булах нууц хэлэлцээний талаар олж мэдсэн зүйл намайг огтхон ч баярлуулаагүй. Харин би уг хэлэлцээний нэг тал болсон Японы төлөөлөгчдийн өмнөөс ичсэн билээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн дараах Фукушима АЦС-ын цөмийн хямрал япончуудад эрчим хүчний бодлогоо эргэж харах цаг болсныг харуулсан. Финландын Засгийн газрын албаны нэгэн хүн “Асуудал зөвхөн цөмийн эрчим хүчээр дуусахгүй. Бид асар их хэмжээний газрын тос, нүүрсийг залгиж орхиод байна. “ гэсэн юм. Монголд цөмийн хаягдал булахыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлсэн дээрх нийтлэл нууц хэлэлцээг бүрхэгдүүлж, үүнтэй холбоотой мэдээллүүд хаагдахад хүргэсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс Монгол Улс хэзээ ч цөмийн хаягдал булах байгууламж барихгүй гэж хатуу мэдэгдэл хийсэн. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA)-ийн ерөнхий захирал “цөмийн манаач” гэгддэг Юкияа Амано “Цацраг идэвхт хорт хаягдал гаргагчид заавал хариуцлага хүлээх ёстой. Хорт хаягдлаа хэн нэгэнд даатгаж орхих нь шударга бус явдал” гэсэн юм. Гэвч хүн төрөлхтөн цацраг идэхит бодисын хорт хаягдлаас ангижрах шийдлийг олж чадаагүй л байна.

Орчуулсан Н.Энх
Эх сурвалж: Японы “Майничи” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж