Английн нийслэл Лондон хотноо болох зуны XXX олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа боксын эмэгтэйчүүдийн төрөл багтаад буй. Тэгвэл, манай улс эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнийг энэ сард зохион байгуулах гэж байна. Хэдийгээр Азийн аваргаас олимпийн эрх олгохгүй ч олимпийн өмнөх томоохон сорилго гэдэг үүднээс шар тивийн 20-иод орны тамирчид ирж оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
Тэмцээн Буянт-Ухаа дахь Спортын ордонд гуравдугаар сарын 16-26-нд болно. Эмэгтэйчүүдийн 10 жингийн ангилалд болох тус тэмцээнд оролцохоор Азийн 19 орны 100 гаруй тамирчин оролцохоо мэдэгдээд байгаа юм. Өмнө нь тивийн аваргаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэйчүүдийн багийн тухайд бүх жинд бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.
Эх сурвалж: Eagle News TV