“Төрийн мэдээлэл“ эмхтгэлийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл“ эмхтгэлийн шинэ дугаар гарлаа

Эмхтгэлийн шинэ дугаарт, Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох болон чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим зарлигийг тус тус нийтэлжээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын  тогтоолуудыг нийтлэв.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолд  “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолын хавсралтад 610-670 дахь заалт нэмсэн байна.

Эмхтгэлд нийтлэгдсэн Мал хамгаалах сангийн тухай тогтоолоор, Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах журмыг баталсан байна. Журамд мал хамгаалах сангийн удирдлага, зохион байгуулалт, сангийн санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, сангийн хөрөнгийн зарцуулах, санхүүгийн хяналт, шалгалтыг хийх асуудлыг тусгасан байна.

Журам батлах  тухай Засгийн газрын тогтоолын дагуу, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг  хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага  хариуцах юм. Мөн тус сангаас олгох жижиг зээл, зээлийн хүүгийн төлбөр, санхүүгийн дэмжлэг нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, өргөтгөх, үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, ажлын байр шинээр бий болгоход ямар боломж бүрдүүлснийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой.

Гадаадаас  2012  онд  авах  ажиллах  хүч,  мэргэжилтний эзлэх хувийг Засгийн газрын тогтоолоор баталсан байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн 2012 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг баталсан байна. Энэхүү тогтоолын хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийн газар, дотоодын төрийн бус байгууллага, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөл бүхий гадаадын төрийн бус байгууллагад ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 30 хүртэл хувь байхаар тус тус тогтоожээ.

Үндэсний хороо байгуулах тухай тогтоол эмхтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн бөгөөд түүгээр Хүний хөгжил сангаас 2012 онд иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотой асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хувьцаа эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж ахлагчаар нь Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд ажиллах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж