Цэргүүдийг баярлуулсан уулзалт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Цэргүүдийг баярлуулсан уулзалт болжээ

Монгол цэргийн өдрийг угтан Булган аймгийн Засаг даргын тамгын газраас нутгийн захиргааны байгууллагын удирдлага- цэрэг дайчдын гурвалсан уулзалтыг Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн 0243 дугаар ангид зохион байгуулжээ. Хилийн цэргийн тус ангид Булган аймгийн залуучуудын нэлээд нь алба хаадаг бөгөөд өнгөрсөн оны нэг, хоёрдугаар ээлжээр очсон цэргүүд албаа нэр төртэй хааж, Булган сумын Ц.Батсайхан онц хилчин болж сүүлчийн 30 гаруй жилд дуулдаагүй анги хамт олныхоо бахархал болж байна. Аймгийн цэрэг татлагын товчоо, цэргийн штаб, сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар, музей, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг 30 шахам хүний бүрэлдэхүүнтэй багийнхан тус ангид зочилж, алба хааж байгаа цэргүүдтэй уулзалт хийж, тасаг, соёл хүмүүжлийн байраар нь орж танилцсан байна. Тэд нутгийнхаа дайчдад аав ээж, ахан дүүсийнх нь захидал, мэндчилгээ, цагаан сарын идээний дээж, мөн ар гэрийнхнийх нь бичлэгтэй хуурцаг зэргийг авч очиж бэлэг барьсан байна. Жил бүр зохион байгуулдаг энэ уулзалт нь өнөө жил улсын баатар, ард олондоо “Залуу жанжин” хэмээн хүндлэгдсэн, XX зууны монгол цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 100 жилийн арга хэмжээнд зориулж, түүний алдар гавъяаны талаар аймгийн музейд байдаг үзмэрийг тайлбарлагчийн хамт авч очин тус ангийн цэрэг дайчдад сурталчласнаараа чухал ач холбогдолтой болжээ. Уулзалтын талаар: Манайд нэлээд аймгийн залуучууд татагдан ирж цэргийн хугацаат алба хаадаг. Танай аймгийн энэ жишгээр бусад газраас нутгийн цэргүүд дээрээ ирж уулзаж байгаасай, аймгуудад үлгэр дууриал болсон ажил зохион байгуулсан та бүхэнд баярлалаа хэмээн анги салбарын удирдлагууд онцлон талархал илэрхийлжээ.

                                                                                                                                 Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж