Г.Аюурзана “Шүгдэн” хэмээх роман гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Г.Аюурзана “Шүгдэн” хэмээх роман гаргажээ

Зохиолч Г.Аюурзана тав дахь романаа хэвлүүлээд байна. “Шүгдэн” нэртэй уг шинэ романы арын хавтаснаа “учир битүүлэг үхэл, гэмт хэргийн сэдэв дээр тулгуурлан Хятад дахь монголчуудын оюун санааны мухардал, бурханы шашны гүн ухааны тухай өгүүлсэн зохиол” гэж тодорхойлжээ.

Үнэхээр ч алдартай хийдэд лам алагдаж, мөнөөх хэргийг мөрдөж буй эрэлч нохойн албаны цагдаа Сэржамц, нас барсан ламын дотнын найз Саманд лам хэмээх хоёр гол дүрийг тойрч бүхий л үйл явдал нь өрнөдөг аж. Энэ хоёр гол баатар хоёулаа Хятад дахь монгол үндэстний төлөөлөгчид. Тэдний өвгө дээдсийн хувь заяа, өнөөгийн ахуй амьдрал цөм том үндэстний эрхшээлд автсан жижиг ард түмний хувь заяаны тусгал болно. Зохиогч Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэ ван, орчин үеийн тэрс үзэлтэн Хүчинтөгс, Хятадаас үзэл бодлын эрх чөлөө хайн АНУ-д дүрвэж гарсан Ажиа гэгээн зэрэг бодит хүмүүсийн амьдралтай холбоотой сэдвүүдийг ч романыхаа өгүүлэмжтэй сүлэлдүүлжээ.

330 гаруй хуудастай, 15 бүлэг бүхий энэ шинэ романаас өнөөдрийн цаг үе дэх шашны дотоод зөрчил, лам нарын бизнес, энэ бүхний дунд жинхэнэ сахилдаа үнэнч явж чадаж буй хуврагуудын тухай, буддын гүн ухааны цаад утга учрын тухай ч олж унших боломжтой.

Дашрамд сонирхуулахад, манайхан сүүлийн үед баячуудын шүтээн хэмээн хэлэлцэх болсон Шүгдэн сахиусыг XIV Далай лам хориглосноос орчин үеийн шашны ертөнцөд нэлээд шуугиан тарьсан билээ. Уг романы дотор нууцлаг байдлаар алагдсан лам тийм шүтээн тахидаг байснаас романы нэр улбаалжээ. Энэхүү бүтээлд орсон шүлгийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

            Уулын зүрхэнд нар туслаа.
            Уншлага зогслоо.
            Унзад дамар цохилоо.
            Уншлага завсарлах, дамар дуугарах энүүхэн чөлөөнд
            Уртаас урт цаг хугацаа шүүрс алдлаа.
 
            Сүмийн хананаас эртний бурхдын харц
            Сүүмгэр хүжийн утааг дарангуйлаад
            Тув тунгалаг болов.
            Хүн ингэж цоо ширтвэл далдирмаар даа?
            Бурхадын нүд ер бус, тогтуухан төөнөнө.
 
            Зэргэлдээх мөргөлчин амьсгалаа түгжив.
            Зүрх нэг чанга цохилсноо нам жим болоод
            Сэтгэл өөр ертөнцөд нэвчиж одов.
            Ай!
            Дахиад уншлага эхлэхэд л
            Ахиад амьдрах сэхээ олов…

Эх сурвалж: ayurzana.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж