Фукушимагийн хөрс 30 см гүн бохирджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Фукушимагийн хөрс 30 см гүн бохирджээ

Өнгөрсөн онд болсон “Фукушима -1” АЦС-ын ослын дараа Фукушима орчмын хөрс 30 см гүн хүртэл цацраг идэвхт бодисоор нэвчсэн тухай ИТАР-ТАСС-ын Токио дахь сурвалжлагч бичлээ.

Цацраг идэвхт бодис хөрсөнд шингэсэн талаар Японы Атомын Энергийн Агентлагийн илтгэлд дурдсан байна. Осол болсноос гурван сарын дараа хийсэн шинжилгээгээр цацраг идэвхт изотоп хөрсөнд таван см хүртэл шингээд байсан бол одоо энэ хэмжээ тархалтаасаа хамааран 10-30 см хүртэл нэвчсэн аж. Агентлагийн удирдлагууд хөрсөнд байгаа цацраг идэвхт бодисыг саармагжуулах ажлыг яаравчлан хийхгүй бол аюултай байдал үүсч мэдэхээр байгааг сануулсан юм. Гэвч цас ихтэй өвөл болсон учир хайлсан цастай хамт цацраг идэвхт бодис бусад газарт тархаж магадгүй байна. Иймээс өргөн хэмжээний газар нутагт саармагжуулах ажил хийх хэрэгтэй болжээ.

Чернобылийн АЦС-ын ослоос гурван жил найман сарын дараа хот орчмын 250 км газар цацраг идэвхт цезийн изотопоор бохирдсон байсныг судлаачид тогтоосон билээ. Мөн Чернобылээс 1,7 мянган км зайтай Норвегид хүртэл цацраг идэвхт бодисын тархалт илэрсэн юм. Одоо Фукушима орчмын 33 км газар изотопоор бохирдоод байна.

Японы мэргэжилтнүүд “Фукушима-1” АЦС-ын цацраг идэвхт бодисын тархалт Чернобылийн АЦС-ын тархалтын хэмжээний аравны нэг орчим байх болов уу гэсэн таамаглал гаргаад байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж