АНУ-аас хатагтай Элчин сайд ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

АНУ-аас хатагтай Элчин сайд ирнэ

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Жонатан Стюарт Эдлтоны бүрэн эрхийн хугацаа дуусч ирэх намар эх орондоо буцахаар болжээ. Тиймээс түүний орны хүний талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн төвшинд ярьж эхэлсэн байна.  Хатагтай Пайпер А.У.Кемпбэллийг Монгол Улсад Элчин сайдаар илгээх саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сенатад хүргүүлжээ.

Хатагтай Кемпбэлл Гадаад харилцааны албанд 1989 оноос хойш ажиллаж байгаа хүн юм. Тэрбээр 2011 оны долдугаар сараас Иракийн өмнөд хэсгийн Басра хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын Ерөнхий консулын алба хашиж байгаа юм байна. Мөн өмнө нь Төрийн нарийн бичгийн даргын  Менежмент, Нөөцийн асуудал эрхэлсэн орлогч Жэкоб Люгийн нарийн бичгийн даргаар ажиллаж Иракийн шилжилтийн үйл явцын төлөвлөлтийг хариуцаж байжээ.

Мэргэжлийн дипломатч энэ хатагтай 2006-2009 онд Камбож улсад АНУ-ын Элчин сайдын яамны элчин зөвлөх, мөн Женев хотноо НҮБ-ын байгууллагуудын дэргэдэх АНУ-ын Төлөөлөгчийн газрын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан зөвлөх, Хорватад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрын захирал, Хорватын Зүүн Славон дахь НҮБ-ын Шилжилтийн засаг захиргааны Иргэний хэрэг хариуцсан захирлын ахлах зөвлөх, Бельгид Үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Филиппинд Үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Консулын албаны ажилтнаар тус тус ажиллаж байсан байна.

Мөн НҮБ дэх АНУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын Азийн асуудал эрхэлсэн зөвлөх, Олон улсын байгууллагуудын Товчооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, Төрийн Департаментын Үйл ажиллагааны төвийн Хяналтын мэргэжилтний албыг тус тус хашиж байжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж