Хөшөөтийн ордын талаар мэдэгдэл хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хөшөөтийн ордын талаар мэдэгдэл хүргүүлэв

Ховд аймгийн иргэд хийгээд нутгийн зөвлөлийнхөн дуу хоолойгоо нэгтгэн Дарви, Цэцэг сумын нутгийг дамнан орших  Хөшөөтийн уурхайг стратегийн орд газрын жагсаалтад оруулахад анхаарлаа хандуулан ажиллахыг хүсч,  төрийн гурван өндөрлөг, хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаа улс төрийн намын дарга нарт мэдэгдэл хүргүүлжээ.
Мэдэгдэлд, “Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний бүлэг ордуудыг эзэмшиж байгаа “МО ЭН КО” ХХК нь 2007 оноос гурван жил хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус компани нь Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан, Мөст, Цэцэг, Алтай, Үенч сумдын нутагт 15 лицензээр 64.000  га талбайг хамарсан нүүрсний болон бусад ордуудыг эзэмшиж, өөрийн цахим хуудаснаа 2.4-4.4 тэрбум тонн нөөцтэй гэж дэлхий нийтээр зарлаж, өнөөдрийн байдлаар 27 тэрбум Хонгконг доллар буюу 2.7 тэрбум ам долларыг эх нутгийн минь баялгаар босгоод байгаа билээ. 1970-аад онд Монгол, Оросын геологичид улсын төсвөөр Хөшөөтийн ордод хайгуул хийхдээ уг орд нь эртний насжилтай, илчлэг өндөртэй 24 сая тонн коксжих нүүрсийн нөөцтэй гэдгийг тогтоосон. Хожим 2007 онд “Мон-Эн-Ко” ХХК хайгуул хийж, 87.5 сая тонн нөөцтэй хэмээн тайлан гаргасныг “Эрдэс баялгийн зөвлөл” дэмжиж, АМХЭГ-ын дарга тушаалаараа баталсан байна. Гэтэл “Мон Эн Ко”  ХХК нь Австралийн “Лейтон” компанитай хамтран, 460 сая тонн нүүрс олборлох гэрээг 220 сая ам долларын өртөгтэйгээр  хийсэн талаар “Лейтон” компанийн мэдэгдлийг БЛУМБЕРГИЙН веб сайт зарласан билээ. Зөвхөн энэ баримт л уг орд стратегийн орд газрын жагсаалтанд орох зайлшгүй үндэслэл болж байгаа юм. Ийнхүү гадаад, дотоодод гаргаж байгаа мэдээлэл эрс тэс зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна.
“Мо Эн Ко”  ХХК нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хөрөнгийн хэмжээ босгосон бөгөөд есөн лицензээр 2693 га талбайд  хайгуул хийсэн. Өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа хөрөнгө зэргээс үзэхэд ДНБ-ийн  таван хувиас хавьгүй их олборлолт явуулах нь илт харагдаж байгаа юм. Мөн “Мон Эн Ко” компани 2008, 2009 оны хайгуулын ажлын тайланг өнөөг хүртэл гаргаагүй байна.

Өнөөгийн байдлаар:

Нөөцийн тайлан болон Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй.
Ордын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй байна.

Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйлийг зөрчихийн зэрэгцээ 340 км хатуу хучилттай замын Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй байна. Төвийн болон орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудын шударга бус оролцоотойгоор:

Үндсэн хуулийн бүлгийн 6.1-дэх заалт,  
АМТХ-ийн 4.1.11,   55.1, 47.1,   47.2.1,   47.2.2,   25.1.6,   29   
Газрын хэвлийн тухай хуулийн 20.2.1
 БОНБҮ-ний хуулийн 4.2, 6.1.2
Газрын төлбөрийн тухай хуулийн 7.1.4
Татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийг зөрчиж байна.
Энэхүү ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтанд оруулах талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн холбогдох албаны хүмүүст асуулга тавьсан боловч уг ажлыг хариуцсан төрийн дунд, доод албан тушаалтнууд асуудлыг  санаатайгаар бүдгэрүүлж байна. Тиймээс стратегийн ордод оруулах талаар нааштай арга хэмжээ авч, УИХ дахь намын бүлгүүдийн түвшинд хэлэлцэн, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарган шийдвэрлэх шаардлагатай байна” гэжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж