Ч.Содтуяа: Японоос 68 орны орны онцлогийг харуулсан бэлэгтэй ирж байлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Ч.Содтуяа: Японоос 68 орны орны онцлогийг харуулсан бэлэгтэй ирж байлаа

X6“Чимбаа” агентлагийн тэргүүн, “NTV” телевизийн хөтлөгч редактор, мисс Ч.Содтуяатай түүнд хамгийн сонирхолтой санагдсан аяллынх нь талаар ярилцлаа.

-Танд хамгийн таатай сэтгэгдэл төрүүлсэн улс орон?

-Япон. Би ер нь Япон руу байнга очдог. Очих тоолондоо хамт тэмцээнд оролцож байсан Тамиго Кавахара гээд японы мисстэй уулздаг шүү. Дөрвөн жилийн өмнө олон улсын чанартай “Miss International” тэмцээнд явж байлаа. Тус тэмцээний Монгол дахь шалгаруулалтад нь түрүүлээд Монголоос анхны гэсэн тодотголоор явж байсан учир маш өндөр үүрэг хариуцлага өвөрлөж явсан. Тэр тэмцээнээс “Мiss Fotogenic” шагнал авч, шилдэг 15 миссийн тоонд орсон.

-Тэнд байх хугацаандаа хаана байрласан бэ?

-“Akasaka” Hotel-д буудалласан.

-Тэнд юу, юу үзэж харав?

-“Toyota” машины үйлдвэр надад их сонирхолтой санагдсан. Үйлдвэртээ зориулаад “Toyota shi” гэдэг жижигхэн вант улс байгуулчихсан байдаг юм билээ. Тэнд зөвхөн машин болон машины тоног төхөөрөмж үйлдвэрлэл явагддаг. Ажилчид нь тэндээ амьдардаг. Их сонирхолтой. Намайг очих үед “Toyota”-гийн түүхийг харуулсан машины үзэсгэлэн гарчихсан байсан. Хэдийгээр би машин сонирхдоггүй боловч уулга алдаад бүхэл өдөржингөө үзэж байсан. Эрэгтэй хүмүүс бол бараг явахааргүй гоё газар байна лээ.

-Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл гэвэл?

-Уран барилга, гоё шоунаас илүү хүмүүсийнх нь зан харьцаа, соёлч боловсон байдал, ажил хэрэгч, тусархуу зан нь сэтгэл хөдөлгөсөн. Танихгүй хүн зам асуухад л дэлгүүрээ хааж байгаад зааж өгдөг тусархуу зантай юм билээ. Бас Японы нэг экспог үзэхэд тэдний ямар ч зүйлд чин сэтгэлээсээ ханддаг зан нь үнэхээр тод харагдаж байсан. Тэнд дэлхий ертөнцийг харуулсан бичил байгууламжууд болон павильонууд их. Долоо хоногийн дараа л нураах байж яг энэ газартаа олон жил байрлуулах гэж байгаа юм шиг нарийн урласан байсан. Энэ бүхэн л миний сэтгэлийг маш их хөдөлгж чадсан даа.

-Хаана хооллож байсан бэ?

-“Akasaka” Hotel нь дотроо таван ч том ресторантай юм билээ. Өдрийн цагаар бол ихэвчлэн тэндэээ л хооллодог байсан. Миний идэж байсан хоолнуудаас түүхий загас, шөл нь их таалагдсан. Тэндхийн будаа нь хүртэл шал өөр амттай. Бас хусаад ямар ч бактеригүй болгоод цэвэрлэчихсэн түүхий мах идэж үзсэн. Бодсоныг бодвол аятайхан амттай шүү. Тэд хоол хүнсээ эрүүл мэндтэй холбож ярьдаг улс. Тийм, ийм эрхтэнд сайн гээд л. Бүгдийг нь идмээр санагдтал ярьдаг гээч.

-Монголд тусгаж хэрэгжүүлэхээр зүйл юу байв?

-Хот төлөвлөлт. Япон бол арлын орон, газар нутаг багатай гэгддэг хэрнээ хүний тав тухыг дээд зэргээр бодолцон үзэж, хэрэглэгчийн тав тухыг хангах гэж маш том талбай зарцуулдаг. Юунд ч хэрэгдэхгүй том зайтай дэлгүүр маш олон. Гэхдээ тэнд үйлчлүүлж буй хэрэглэгчдэдээ цэлгэр танхимд сэтгэл хангалуун үйлчлүүлэх нь юу юунаас илүү чухал. Мөн Японы дүүрэг тус бүр өөр өөр байдаг юм шиг санагдсан. Нэг хэсэгт нь ажил хэрэгч хувцаслаж, хавтас сугавчилсан хүмүүс. Харин залуучуудынх нь явдаг газрууд орчин үеийн чиг хандлагыг харуулсан байшин барилгатай, дэлгүүр нь хүртэл диско барыг санагдуулам тохижилттой. Тэгэхээр манайхан том газар нутгаа ашиглан хот төлөвлөлтөндөө анхаарч, интерьертээ их анхаармаар юм шиг санагдсан.

-Аяллаас буцахдаа чемодандаа юутай ирсэн бэ?

-Орон бүрийн мисс охидуудын бэлэгтэй ирсэн шүү. Тэр тэмцээнд 68 орны Мисс оролцсон. Тэгэхээр 68 орны орны онцлогийг харуулсан бэлэгтэй ирсэн. Би өөрөө бэлэг, дурсгалын зүйлд дуртай, бас цуглуулдаг учраас Япон үндэсний хувцастай хүүхэлдэй худалдаж авсан. Японы бэлгүүд нь маш гоёмсог сав, баглаа, боодолтой байдагаараа онцлог юм билээ.

 Т.Нипонь /2007 оны 12 сарын 22/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж