Орчин үеийн Монголын эдийн засаг ЗХУ-ын идэвхтэй тусламжтайгаар социализмын үеийн олон арван жилүүдийн турш бий болсон. ЗХУ ба ЭЗХТЗ-ийн орнууд тусламж хэлбэрээр болон хөнгөлттэй нөхцлөөр Монголд хөдөө аж ахуйн ба барилгын техник, тээврийн хэрэгсэл нийлүүлж, өөрсдийн мэргэжилтнүүдийг ирүүлэн, эх орондоо монголчуудыг сургаж байсан. Зөвлөлт, Монголын мэргэжилтнүүд хамтдаа “Улаанбаатар төмөр зам”, “Эрдэнэт” УБҮ, “Совмонголцветметалл”, өнөөгийн “Монголросцветмет” зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газруудыг байгуулсан ба ЗХУ-ын оролцоотойгоор, түүний тусламжтайгаар Улаанбаатарын орчин үеийн олон хорооллууд ба бүхэл бүтэн хотууд – Эрдэнэт, Чойбалсан, Дархан, хүнс, хөнгөн үйлдвэрүүд боссон билээ. Социализмын жилүүдийн туршид монголын эдийн засгийг хөгжүүлэн дэмжихэд зориулан Монголд ЗХУ-ын хөрөнгөөр 450 томоохон үйлдвэрүүд байгуулагдсан бөгөөд 1990-ээд оны эх хүртэл зөвлөлтийн хөрөнгө оруулалтын хэмжээ Монголын эдийн засагт оруулсан хөрөнгийн 90 хувь орчмыг эзэлж байв.
Гэвч 90-ээд оны эхээр эхлээд ЗХУ, дараа нь шинэ Орос улс Монголоос “гарч явсан”. Социализмын эриний төгсгөл, ардчиллын өөрчлөлтүүд ба зах зээлд шилжих шилжилт нь бүгдийн хувьд, монголчуудад, оросуудад, зөвлөлтийн гэгддэг байсан бусад орнуудын мөн социалист байсан орнуудын ч ард түмэнд хүнд үе болсон юм. Бүгд гэнэт маш олон асуудалтай тулгарч, эдийн засаг капитализмаар замнан, сэргэх хүртэл урд байсан түншлэлийн түвшингийн тухай түр зуур мартахад хүрсэн билээ. Монгол энэ үед тэсч үлдэхийн тулд бүх орны хувьд нээлттэй болсон. Манай орныг барууны хөрөнгө оруулагч нар сонирхох болж, хямд барааны урсгалын ачаар Хятад худалдааны үндсэн түншлэгч болов. Ийм нөхцөлд өнгөрсөн 50 гаруй жилд Зөвлөлтийн дипломат болон цэргийн идэвхтэй дэмжлэгтэйгээр, аажмаар, маш хүнд олдсон тусгаар тогтнолоо хамгаалахын тулд шинэ залуу Монголд шинэ замыг хайж, шинэ улс төр, стратегийг боловсруулах хэрэгтэй болсон. Жинхэнэ хоёр хөршийнхөө ашиг сонирхлыг “гуравдагч хөршийн” сонирхлоор тэнцвэржүүлэн, гурван хөршийн сонирхлыг дөрөөлөн, дундаас нь Монгол өөртөө хамгийн их ашигтай байхаар бий болгосон “Гуравдагч хөршийн” стратеги үүссэн. Иймэрхүү байдлаар “гуравдагч хөршөөр” хил залгаа биш боловч Монголын улс төр, эдийн засгийн харилцаанд идэвх сайтай АНУ, Япони, Солонгос, Европын холбоо нэрлэгдэх болов.
Өнөөдөр бүх барааны эргэлтийн 60 хувь, экспортын 90 хувь ба шууд хөрөнгө оруулалтын 51хувь нь өнөөг хүртэл Монголын тусгаар тогтнолтой “сэтгэл зүрхэндээ” эвлэрч чадаагүй Хятад улсад ногдож байна. “Гуравдагч хөрш” маань ч хөрөнгө оруулалтын хувьд идэвхтэй байгаа бөгөөд ойрын үед хэрэгжих гол чухал төслүүд тэдэнд өгөгджээ. Гэвч “гуравдагч хөрш” улс төрийн ч, эдийн засгийн ч асуудлуудын хувьд маш прагматик хандлагатай. Эдгээр орны Монгол болон бусад орнуудтай үүсгэсэн “найрамдал” нь үргэлж зөвхөн ашиг сонирхолд тулгуурладаг. Хэрэв ийм ашиг сонирхол байхгүй бол “найрамдал” бараг байхгүй гэсэн үг.
Харин хойд хөрш болох Орос улс өнөөдөр Монголын эдийн засагт бусадтай харьцуулахад бага оролцоотой байна. Орос улсын өнөөг хүртэл Монгол улсад оруулсан үндсэн хөрөнгө оруулалт –“УБТЗ”, “Эрдэнэт”, “Монголросцветмет” Монголын эдийн засагт маш чухал гэдэг нь үнэн. Бүхэлдээ Оросын хөрөнгө оруулалт бусдынхыг бодвол бага, Монгол улсад гадаад орнуудаас оруулсан шууд хөрөнгө оруулалтын 2,24 хувийг эзэлж байгаа юм. Монголын гадаад худалдааны барааны эргэлт дэх Оросын хувь хэмжээ байнга буурч байгаа бөгөөд 2011 онд 15 хувь байсан, гэхдээ Орос улсаас гол нь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэгддэгийн ачаар энэ тоо хоёр утгатай байгаа гэж болно.
Зөвхөн барааны эргэлт дэх Орос улсын хувь буураад зогсохгүй Монголд ирж буй оросуудын тоо цөөрсөөр байна. Монгол улсын Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээллээр, 2011 онд Монголд бараг 627 мянга орчим гадаадын иргэд иржээ. Үүнээс 16,7 хувь нь оросууд байгаа бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулбал 6 хувь буурсан байна. Энэ хугацаанд нийт зорчсон гадаад иргэдийн 55,3 хувь нь хятадууд байгаа бөгөөд түрүү жилтэй харьцуулахад 3,3 хувиар их байгаа юм. Үүний зэрэгцээ оросууд ба монголчуудын хувьд бие биедээ зочилон очих виз авахад үнэтэй ба тийм ч амар биш байдаг. Харин Монгол улс ба Орос улсын хооронд визгүй зорчих асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй, олон жилийн турш сунжирсаар байгаа юм.
Ийм нөхцөл байдалд өнөөдөр улс төрийн гурван хөршийн бодлого хоёр аравны таван хөршийн улс төрийн бодлого болж хувиран, манай орны хувьд туйлын ашиггүй болж байна.
Монголд “гурван хөрштэй” харилцах харилцааны тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд Орос улстай арай өргөн хүрээтэй эдийн засгийн холбоотой байх хэрэгтэй. Орос улсад Монгол хөгжин цэцэглэж буй баян, хараат бус орон байх нь ашигтай болохоос биш Барууны ба Хятадын түүхий эдийн нийлүүлэгч байх нь ашиггүй. Бүгд л дэргэд нь найдвартай, нийцтэй хөрш амьдраасай гэж хүсдэг. Өөрсдөө ч тийм байхыг хүсдэг.
Ийм байдал үүссэн шалтгаан юу вэ. Яагаад Монгол улс “гурван хөрш” биш хоёр аравны таван хөрштэй болов? Оросын байр сууриас болов уу? Биднийг эрх тэгш түншүүд гэж харахгүй, бидэнтэй эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхийг хүсэхгүй байгаагаас уу? Эсвэл Монгол улсын улс төрийн бодлогоос уу? Хэрэв Оросын байр сууринаас шалтгаалсан бол Орос улс Монгол улсад хөрөнгө оруулалт хийх боломж хайхгүй, Монголын хөрөнгө оруулалтын шинэ төслүүдэд оролцохыг оролдохгүй байсан билээ. Хэрэв асуудал зөвхөн Оросын байр сууринд байсан бол Ерөнхий сайд асан С.Баяр Их хуралд үг хэлж, Монгол улс дахь Оросын оролцоо бага байгаа тухай, тэнцвэртэй байдал алдагдсан тухай үг хэлэхгүй байсан биз. Орост мэдээж асуудал хангалттай бий. 1990 оноос хойш зөвхөн өөрийн ашиг сонирхлоо бодож, прагматик нь дэндсэн бодлого явуулах болсноос үүдэн бидний сонирхол заримдаа зөрчилдөж, тохиролцоо хийж чадахгүйд ч хүрч байв. Гэхдээ иймэрхүү прагматизм орчин үеийн ертөнцөд бүгдийн хувьд хэвийн зүйл болсон учир хэнтэй ч харилцсан бид энэ асуудалтай тулгарах л болно. Бид өөрсдөө ч ийм байдлаар гадаад харилцаагаа явуулдаг. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход эдийн засгаас гадна Монгол Орос хоёрыг эртний найрамдалт харилцаа соёл, төрлийн холбоо холбож байдаг гэж хэлж болно.
Одоохондоо “гуравдагч хөрш” дэмжлэг үзүүлж, хөрөнгө их оруулж, бусад холбоогоо сайжруулахыг хичээж байж болно, гэхдээ дэлхий дээр, бүс нутагт нөхцөл байдал өөрчлөгдвөл “гуравдагч” хэзээ ч “байрнаасаа” нүүчихэж чадна. Харин жинхэнэ хөршүүдээсээ хаашаа ч холдохгүй бөгөөд тэднээс салаад нүүж чадахгүй нь үнэн билээ.