2008 онд Монгол Улсын иргэн бүр нийслэл, аймаг, сумын төвд амьдарч байгаагаас үл хамааран 0.07 га газар өмчлөх эрхтэй гэж зааснаар энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр нийслэлээс зайдуу шинэ суурьшмал газарт иргэдэд газар өмчлүүлж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэх үед нийслэлд газар өмчлөх эрхтэй 200 мянга гаруй гэр бүл байжээ. Гэтэл 2008 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийслэлд нэг сая 200 мянган иргэн газар өмчлөх эрхтэй болоод буй. Газар өмчлөх эрхтэй субъект зургаа дахин нэмэгдсэнээс газрын нөөц хомсдож эхэлжээ.
Аль ч оронд нийт газар нутгаа иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулснаар иргэдийн амьжиргаа ч дээшилж, газраа барьцаалж зээлх авах, үр хүүхэддээ өвлүүлэх боломж бүрддэг. Гагцхүү газрын байрлалаас хамааран үнэлэмжид өөрчлөлт ордог аж. Өнөөдөр эдийн засгийн эргэлтэд оруулж болох газрын эрэлт огцом өсч, одоогоор нийслэлийн ойр орчим газрыг 100 хувь өмчилчихөөд байгаа. Гэтэл газар өмчилж авах эрхтэй иргэдийн дөнгөж 7.54 хувь нь газраа өмчилсөн нь эрэлттэй газрын нөөц хомс байгааг батална. Алслагдсан дүүрэгт газар өмчлөн тэндээ оршин суувал жинхэнэ автобусанд амьдрал өнгөрөх мэт санагдаж байж магад. Гачууртаас хотын төв рүү ирэхэд зам түгжрэхгүй 40 минут зарцуулна. Харин Зүүнсалаанаас хотын төв рүү ажилдаа ирэхэд түүнээс ч их цаг зарцуулах учир хотоос зайдуу газар авах нь ашигтай талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.
Засгийн газраас 2010 оноос нийслэлээс гадагш газар олгох бодлого барьж байгаа. Хамгийн богино хугацаанд газар өмчлөн авъя гэвэл Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс сонгохыг албаныхан зөвлөдөг ч иргэд хол, дэд бүтэц муу гэх зэргээр өмчлөхөөс татгалздаг аж. Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороо, Гавжийн шанд, Биокомбинат, Шувуун фабрик, Туул тосгоны ойролцоо иргэдэд өмчлүүлэх газар боломжтой хэмжээнд байгаа гэнэ. Сонгинохайрхан дүүргийн 20, 21 хороо, Төмөр замын 369, 325, 337, 345 дугаар гарам, Тахилт, Жаргалант гээд хуучин Партизаны сангийн аж ахуйн орчим шинээр хот төлөвлөлт хийсний үндсэн дээр иргэдэд 0.07 га газар өмчлүүлж эхэлжээ. Тухайн газарт дэд бүтцийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа иргэдэд үнэгүй газар өмчлүүлнэ гэх заалт хуулинд бий. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд цахилгаан, дулаан, усны хэрэгцээг хэрхэн хангах, орон сууцны хороолол, сургууль цэцэрлэгийг хаана барих зэргийг тусгадаг. Тиймээс алслагдсан ч гэлээ дэд бүтэц, бусад асуудал төлөвлөгөөний дагуу хэрэгжих учир хуулийн хугацаандаа амжиж газраа өмчлөхийг Газрын албанаас иргэдэд санууллаа.
Харин Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт иргэн газар өмчлөх боломж бага. Гэхдээ шинэ гудамж үүсгэх зэрэг боломж гардаг аж. Оршин сууж байгаа газарт тань өмчлөх боломжтой газар байвал тухайн газрын тойм зургийг зураад, иргэний үнэмлэх хорооны тодорхойлолт бүрдүүлж, дүүргийнхээ газрын албанд хандах хэрэгтэй. Газрын албаны мэргэжилтэн тухайн газрыг биечлэн шалгаж үзээд боломжтой гэж үзвэл та тухайн газраа өмчлөх эрх үүснэ. Саяхан УИХ-ын гишүүд иргэдэд газар өмчлөх хугацааг сунгах тухай Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын санал авахаар хүргүүлээд байгаа юм. Тэгэхээр газраа өмчилж амжаагүй иргэдэд боломж олдох нь ээ.