Монголын урлагийн зөвлөл 10 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Монголын урлагийн зөвлөл 10 нас хүрлээ

Монголын урлагийн зөвлөл 10 нас хүрлээ. Тус зөвлөл нь “Бүтээлч хамтын ажиллагааны 10 жил” баярын үдэшлэгийн хүрээнд Монгол соёл урлагийг гадаад, дотоодод таниулан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан, соёл урлагийн салбартай бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлсэн, санхүүгийн дэмжлэг үзүүлж ивээн тэтгэдэг хувь хүн, байгууллагыг олон нийтэд таниулан сурталчлах, соёл урлагийн манлайллыг хөхиүлэн дэмжих зорилгоор “Урлаг хөгжлийн төлөө” шагналыг уламжлал болгон нийт таван номинациар олгохоор төлөвлөж байгаа юм. МУЗ-ийн 10 жилийн ойн арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хоёрдугаар давхарт өнөөдөр 11:30 цагаас болох юм.

Монголын урлагийн зөвлөл нь Монголын нээлттэй нийгэм хүрээлэн /Соросын сан/-гийн дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. 2011 оны арванхоёрдугаар сарын байдлаар гурвсан сая ам.долларын санхүүжилт бүрдүүлж, соёл урлагийн салбарын хөгжилд зарцуулсан байна.

Тус зөвлөл нь Төв Ази, Хойд Америк, Зүүн Өмнөд Ази, Япон, Солонгосын болон үндэсний соёл урлагийн байгууллагатай бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлж, соёл урлагийн салбарт шинэлэг менежментийг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хадгалан хамгаалах, урлагийн боловсролоор  дамжуулан хүүхэд залуусыг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх болон нийгэм, хувь хүний хөгжилд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг таниулан сурталчлахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласаар ирсэн.  МУЗ нь эрхэм зорилгынхоо хүрээнд Уран бүтээлчдийг дэмжих, Урлагийн боловсрол, Соёлын өв, Нөлөөллийн гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
    
Ийнхүү МУЗ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 3,000,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг соёл урлагийн салбарт оруулан, 5500 гаруй уран бүтээлч, соёл урлагийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, нийт 183 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, 57000 оюутан сурагч, хүүхэд залуучуудыг хамруулан, 165 олон улсын болон дотоодын байгууллагатай хамтран ажилласан байна. МУЗ нь 10 жилийн ойн хүрээнд, 2012 оны туршид 15 шинэ төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж