Тэжээгчээ алдсаны тэтгэмж өгнө үү

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Тэжээгчээ алдсаны тэтгэмж өгнө үү

Монголын оюутнууд их азтай. Төрөөс төрөл бүрийн тэтгэмж авна. Сар бүр 70 мянган төгрөг, хүний хөгжлийн 21 мянга, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх гээд л… Энэ их мөнгө тарааж, эрх эдлээд байгаа мөртлөө амьдрал дээр тэдэнд нээлттэй боломж, ахиж дэвших бололцоо байдаг уу?

Одоогоос хэдэн жилийн өмнө МОХ-ноос оюутнуудыг нийтийн тээв­рээр үнэгүй зорчуулах хүсэлт гаргаж түүнийг нь ч шийдвэрлэж өгсөн билээ. Үүний үр дүнгээр Монголын залуус өвөө, эмээ, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна. Өвөө, эмээ нар хийдгээ хийж, насныхаа тэтгэвэрт суусан тул нийтийн тээврээр, үнэгүй зорчих эрхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч ялгаагүй нийтийн тээврээр үнэгүй зорчихгүй бол болохгүй. Улс орны хөдөлгөгч хүч болсон залуус үнэгүй явж байна. Гэтэл хэдхэн жилийн дараа өөрсдөө “үнэгүйдэж”, лааз өшиглөх залуусын тоо тэтгэвэрт гарагсдаас ч их.

Эрдэнийн хувь, хишигт хамрагдаж сар бүр 21 мянгийг авна, тэд. Сар бүрийн хишиг түгээлтийн үеэр мөнгөнд дугаарлагсдын ихэнх нь залуус. Бас ч болоогүй дугаар дайрч ахмадуудын уурыг хүргэнэ. Үр дүнд нь баар, цэнгээний газрууд дүүрч, эрүүлжүүлэхийн ачааллыг багагүй нэмдэг гэж байгаа. Тэд бас л өвөө, эмээ нар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй барьцан, энэхүү мөнгийг авна. Амьдрал дээр тэдний хүсэл тэмүүллийг ойлгож, дэмжиж тэтгэн, бизнесийн санаанд нь туслалцаа үзүүлсэн нь мөнгөнөөс ч бага. Сар бүр олгож байгаа энэхү ү мөнгөө төрөөс залууст боломж олгох гэж тайлбарласан нь бий. Гэтэл сар бүрийн 70 мянга ямар боломж, бололцоог өгөх вэ? Нийлээд бичил бизнес эхлүүлэх, хамтраад төсөл бичих зэрэгт энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. 21-ийг дагасан нүсэр асуудлууд ч босч ирэхийг үгүйсгэхгүй. Ийнхүү төрөл бүрийн тэтгэмжийг тэдэнд үзүүлдэг мөртлөө, залуусын оролцоог нэмэгдүүлэх талаар юу ч хийгээгүй нь харамсалтай. Тэдний хамтарсан төслийг хэлэлцдэг байгууллага,  тэднийг хөгжүүлэх тохилог  танхим зэр­­гийн суурь нь ч тавигдаагүй байна. “Төр”-ийн хүсэл бол залуусын сонголтыг сонсох бус, өөрсөддөө чиглүүлэх. Гэтэл залуус өөрсдөө үүнийг дэмжээд байгаа нь эмгэнэлтэй.

Хэд хоногийн өмнө Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутнууд сар бүр тараах 70 мянган төгрөгийг цагтаа тараахгүй байна гэж эсэргүүцэн, хэвлэлийн бага хурал зарлаж, хичээлээ хүртэл хаяхаа илэрхийлж байсан удаатай. Гэтэл өнөөг болтол нээлттэй боломж, ирээдүйн ажлын байрны баталгааны төлөө ямар ч оюутан үг дуугарсангүй. Монголын оюутны холбоо, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо зэргээс ямар нэгэн ажил зохиодог ч тэдэнд бэрхшээл тулгараад байгаа залуучуудын санал хүсэлт орж байгаа нь эргэлзээтэй. Эдгээр оюутны холбоод бүгд л аль нэг намын доор байгуулагдсан нь тодорхой болсон. Эхэндээ тэд үүнийгээ нуудаг байсан ч сүүлдээ хэнд ч ойлгогдохоор ил болсон билээ.

Гадны орнуудад залуусдаа нэг л зүйл дээр нь тусалдаг. Хөгжих боломж, амьдралаа дээшлүүлэх батал­гаа, гэрэлтэй ирээдүйг тэдэнд бий болгодог. Үүнийг бий болгохын тулд залууст хэрэгтэй хөгжлийн төвүүдийг байгуулж, хамтран ажиллах боломжтой “start up” компаниудыг дэмжих оффисын байрууд, цалинтай дадлагын систем зэргийг маш ихээр байгуулжээ. Магадгүй энэ бүх зүйлийг байгуулсан болохоор тэдний хөгжил ч тэр хэмжээгээрээ хурдан байдаг биз. Харин манай оронд тэднийг дэмжих төрийн хэтийн бодлого алга. Зүгээр л сар бүр мөнгө тарааж, ямар нэгэн зүйлээр хөнгөлөхийг хичээж байна. Оюутнууд нь ч үүнийг хоёр гараа өргөөд дэмжих. Гэтэл энэ залуус дөрвөн жил л сурна шүү дээ. Дөрвөн жилийн дараа тэднийг ямар ирээдүй хүлээж, хэрхэн амьдрахыг хэлж мэдэхгүй. Тэгэхээр төгсөх ангийн оюутнуудад хэлэх зөвлөгөө байна. Сургуулиа төгссөнийхөө дараа тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төрөөс гуйгаад үзээрэй. Магадгүй өгчих ч юм бил үү?

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж