Ё.Нодатай албан ёсны хэлэлцээр хийв

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Ё.Нодатай албан ёсны хэлэлцээр хийв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Японы улсын  Ерөнхий сайд Ё.Нодатай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Япон улс нь Монгол  улсын ардчилал зах зээлийн эдийн засагийн тогтолцоонд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлж, Монгол Улс нь гуравдагч хөрш орнуудаас анхлан  Япон улстай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгааг онцлон тэмдэглэжээ. Энэ нь   хоёр улсын хооронд стратегийн түншлэлийг бодит утгаар нь хөгжүүлж, түүний эдийн засгийн агуулгыг тодорхойлох, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцааны шинэ шатанд ирснийг нотолсон явдал юм гэлээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг даруй эхлүүлэхэд бэлэн байна, манай ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг тэмдэглээд эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад Японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээх, боловсон хүчнийг бэлтгэхэд хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Хоёр улсын хувьд ойрын хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гол сэдэв бол Тавантолгойн төсөл. Энэ төсөлд олон улсын нээлттэй тендер явагдаж байгаа тул Монголын Засгийн газар энэ төсөлд Японы оролцоог хангах бодлогыг тууштай баримталж байгаа гэдгээ тэмдэглэлээ. Бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкаар дамжуулан “Шинэ төмөр зам”, “100 мянган айлын орон сууц”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” төсөл хөтөлбөрийг хэрэг­жүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүр­дүүлэхэд Япон Улсын Засгийн газрын Самурай бондыг ашиглах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй. Үүнийг Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээ шаардлагатай уялдуулан нүүрс болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, Монгол Улсаас эрчим хүч экспортлож, улмаар цаашид Японд хүртэл экспортлох Азийн супер дамжуулах сүлжээг байгуулах хувийн хэвшлийн санаачилгыг анхааралтай судалж, дэмжин ажиллах хэтийн зорилтын талаар хэлэлцээний үеэр Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байлаа. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн жижиг, дунд аж ахуйн нэгжийн чадавхийг нэмэгдүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлд­вэр­лэх, хамтарсан загвар үйлдвэр байгуулахад Японы буцалтгүй тус­ламж, иенийн хөнгөлөлттэй зээл чухал дэмжлэг байх болно гэж тэрбээр хэлээд энэ зорилгоор Япон улсын засгийн газрын КR-2 төслийг үргэлжлүүлэн авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд шинжлэх ухаан, техник техно­ло­гийн мэргэжлээр суралцах оюутан, дадлагажигч нарын тоог нэмэгдүүлэх боломжийг судалж үзэх, их, дээд сургуулиудыг оюутны хотхоны хэлбэ­рээр хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд, тухайлбал техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад дэмжлэг туслалцаа хүссэн байна. Мөн Монгол, Японы иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эхний ээлжинд олон удаагийн, урт хугацаатай визийн журам нэвтрүүлэх, дипломат болон албан паспорттай иргэдийг визээс чөлөөлөх асуудлыг шийдэх чиглэлээр ажиллах, иргэдийн солилцоог нэмэг­дүүлэх зорилгоор Монголын авиакомпаний нисэх онгоцыг Ханэда нисэх онгоцны буудалд руу тогтмол нислэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэхийг санал болголоо.  

Эдийн засгийн харилцааны хувьд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа бөгөөд энэ утгаараа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хэлэлцээрийг  байгуулах хэлэлцээг даруй эхлэхэд хоёр тал бэлэн болоод байна. Тавантолгойн төсөлд Японы тал оролцох нь хоёр талын харилцааны бэлэг тэмдэг болно гэж үзэж байна.  Японы Засгийн газраас Самурай бондын талаарх Монголын талын саналын талаар Японы тал анхааралтай судалж үзнэ гэдгээ илэрхийллээ. Мөн Японы телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системийн загварыг Монгол Улсад нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хоёр орны харилцаанд соёл, иргэд хоорондын солилцоо чухал үүрэг гүйцэтгэнэ.  Энэ жил Монголын талаас 180 залуучуудыг урьж Японд зочлуулахаар бэлтгэж байна. Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Японы иргэдийг монгол руу тодорхой хугацаагаар зорчиход визээс чөлөөлсөн явдалд талархаж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Монгол, Японы Засгийн газрын хамтарсан мэдэгдэл гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүдийн үзэл санаа, хоёр орны хооронд тогтсон итгэлцэл, найрамдалт харилцааг үндэс болгож, хэвлэлийн хамтарсан мэдэгдлийг гаргав. Уг мэдэгдэлд,

“Стратегийн түншлэлийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх”, “Эдийн засгийн цогц харилцааг бэхжүүлэх”, “Иргэд хоорондын солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх”, “Бүс нутаг болон олон улсын тавцан дахь асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх” зэрэг дөрвөн бүлэг асуудлаар гаргасан дээрх мэдэгдэлд Монгол Улсын гурав дахь хөрш орнуудаас Япон улсыг анхлан “Стратегийн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж буй чухал түнш орон болохыг мэдэгдэж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй 2012 оноос  эхлэн эдгээр дөрвөн баганад суурилсан хоёр орны харилцааг шат ахиулж, гадаад бодлогын нийтлэг зорилт болох 2010 оны “Стратегийн түншлэл”-ийн мэдэгдлийн бодит хэрэгжилтийг эрчимжүүлэхээ харилцан нотолжээ.

Ш.Оюун


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж