Д.Батсайхан: Уугуул иргэд нь нутгаа хөгжүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Д.Батсайхан: Уугуул иргэд нь нутгаа хөгжүүлэх ёстой

“Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүлэгч гишүүн Д.Батсайхантай ярилцлаа.

-“Нийслэлийн уугуул иргэдийн  нийгэмлэг” ТББ байгуулагдсан гэж  сонслоо. ТББ байгуулах болсон зорилго юу байв?

-Анх   нийслэлээ гэсэн сэтгэлтэй найз нарынхаа ярианаас тийм ийм аймгийн, сумын  нутгийн зөвлөл хуралдлаа, шинээр байгуулагдлаа гэж олонтаа сонсч байлаа. Ялангуяа сүүлийн үед нутаг усаа хамгаалах хөдөлгөөнүүд олноор байгуулагдаж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ мэт яриа, мэдээ мэдээллээс  энэ байгууллагыг үүсгэн байгуулах санаа төрсөн гэх үү дээ. Төрөлх хотод маань түмэн бэрхшээл тулгарч байхад иргэн бид үүнийг хараад халаглаад суугаад баймааргүй байна, асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулмаар байна. Малчид бэлчээрийн даац гэж ярьдаг биз дээ, түүн шиг нийслэл маань анх төлөвлөж байснаас арав дахин илүү иргэнтэй болсон, нөгөөтэйгүүр “урбанизм” буюу хотын иргэншлийн боловсрол улам бүр дордоод байгааг хүн бүхэн, тэр дундаа  хотод өсч 2-3 үеэрээ амьдарсан бидний хэдэн нөхдүүд андахгүй мэднэ. Тиймээс найзуудаараа  ярилцаад “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”-ийг байгуулсан. Өнөөдөр Нийслэл маань хот ч биш, хөдөө ч биш  болжээ. нийслэл хотын иргэн алхах гишгэх, ярих хөөрөх, ажиллаж амьдрах, ахуйн соёл гэх зэргээрээ ялгарч бусдад үлгэрлэж байх ёстой. Нийслэлийн иргэн хөдөөгийн иргэнээс илүү хариуцлага  хүлээх үүрэгтэй. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд хамтын хүч, хүсэл эрмэлзлэл, зохион байгуулалт хэрэгтэй.

-Нийслэлчүүдэд олон асуудал байна. Эдгээрээс  нэн тэргүүн ээлжинд шийдвэрлэх  асуудлыг та юу гэж үзэж байна вэ?

-Нийслэл хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь  манай байгууллагын нэн тэргүүний  зорилт. Утаа, замын түгжрэл, хог хаягдалтай тэмцэх  гэх мэт асуудал мэдээж ар араасаа хөвөрнө. Эдгээрийг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх ёстой  гэдэгтэй  нийслэлийн ихэнх иргэд  санал нийлэх байх.  Нийслэлийн төсөв жилээс жилд нэмэгдэж, ажил хийхэд санхүүгийн хүндрэл харьцангуй бага болжээ. Мөнгө дутаад байгаа биш, сэтгэл дутаж байна. Хотоо гэсэн сэтгэлээр хийх зүйл их.  Хот төлөвлөлтийн бодлого алдагдсан. Жишээ нь 100 мянган айлын  орон сууц барих талаар ярьж байна. Гэтэл инфраструктур буюу дэд бүтцийн асуудлаа эхний ээлжинд шийдэх шаардлага гарч байгаа юм.

-Өөрөөр хэлбэл, нийс­лэлийн төр захиргааны байгуул­лагуудын ажлыг өмнөөс нь хийх гэж үү?

 -Та нар сайн санаж байгаа. Хэдэн жилийн өмнө  хотод байсан бүх хятад  хоолны газрын нэрийг монгол хэл дээр болгох гээд хотын захиргаанаас арав гаруй жил хийж чадахгүй байсан ажлыг залуус хоёр гуравхан өдөрт хийж байсан жишээ бий.  Бид ажил нь урагшлахгүй байгаа хотын захиргааны өмнөөс хийх ажлыг, үйл ажиллагааны чиглэлийг, болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг сануулах, шаардах, чиглүүлэх ажлыг эхлүүлнэ. Цаашдаа буюу 2012 оны сонгуулиар  бүх дүүрэгт хяналт тавьж ажиллах зорилготой.

-Зорилгодоо  ямар  замаар хэрхэн, хүрэх вэ?

-Эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд эхний ээлжинд иргэдийн саналыг сонсох, эрх зүйн одоогийн орчныг нарийвчлан судлах, төр захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзах, гадаад орнуудын нийслэл хотын эрх зүйн орчныг судлах гэх зэрэг ажил хийнэ.  Иргэдийн санал, хүсэлт, судалгааны дүгнэлтэд тулгуурлаж эхний  ээлжинд өөрчилж шинэчлэх хууль тогтоомжийн жагсаалтыг гаргаж мэргэжлийн байгууллага, хуульчидтай хамтарч  хуулийн  төсөл боловсруулна. Эцсийн зорилт бол нийслэл хотоо  дэлхийн бусад  нийслэл  хотүүдын жишигт хүргэх явдал. Эхний алхмаа зөв хийх ёстой. Эрх зүйн орчныг бодитой өөрчилж шинэчилж чадвал олон түмний дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлэх боломжтой.

Аль ч улсын нийслэлийн иргэний босго өндөр байдаг гэдэг утгаар хотын иргэний статусыг  тодорхой болгох, утааг багасгахын тулд түүхий нүүрсний хэрэглээг зогсоох, оруулахгүй байх, түгжрэлийг багасгах, эмх замбараагүй машин байрлуулах зэргийг зогсоох, хог хаягдлын асуудлыг олон улсын төвшинд шийдүүлэх, гудамж, олон нийтийн газруудад тамхины иш, шүлс цэрээ хаях зэргийг торгуулийн журмаар зохицуулах, байгууллагуудад орчин тойрны цэвэрлэгээг хариуцуулах журам боловсруулж шийдүүлэн хяналт тавих, төлбөртэй зогсоол олноор  байгуулах, хүнс, барааны томоохон захыг хотын бүсээс гаргах, мэргэжлийн байгууллагаар барилгуудын газар хөдлөлтийн тэсвэрлэх дүгнэлт тооцоог гаргуулах, орон сууцны  нэг давхарт зориулалтын бусаар барилгын хийц өөрчлөн худалдаа, үйлчилгээний газар  ажиллуулахыг хуулиар хориглох зэрэг маш энгийн  ажлууд ч багтсан байгаа.

-Нийслэлийн эрх зүйн орчинг шинэчлэх, хот төсвөө өөрөө бүрдүүлж, зарцуулахад жишээлбэл, ямар хууль тогтоомжийг шинээр санаачлах,  шинэчлэх шаардлагатай вэ?

-Эрх зүйн орчин бүрдүүлэхэд эхлээд торгууль, хураамж, нийслэлийн иргэний татвар төлөх  дүрэм журам шинээр боловсуулах  замаар хэрэгжүүлж болно. Мөн хотын төсөв бүрдүүлэх нэмэлт эх үүсвэр болгох замаар эдийн засгийн хөшүүргийг ашиглах  буюу бонд гаргах, хотын тээврийн логистик  үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг байж болно. Нийслэл хотод амьдрах иргэн илүү их хариуцлага хүлээх ёстойг хууль тогтоомжид тусгах шаардлагатай. Хотод амьдрахыг хүсвэл хотын иргэний татварыг төлөх ёстой. Хотын иргэн хотынхоо гудамж, зам талбайг сайжруулахад хувь нэмрээ оруулах ёстой, үүний тулд тээврийн хэрэгсэлтэй иргэн бүр замын хураамжийг зарцуулсан  шатахууны нэг литр тутамд төлдөг байж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, хотын иргэний тээврийн хэрэгслийн татварыг бий болгох  хэрэгтэй. Нийслэл хотын хүн амын механик төвлөрлийг эдийн засгийн аргаар саармагжуулж зогсоох механизмыг бүрдүүлэх нь чухал. Хотын иргэн ХАОАТ-ыг 10 хувиар төлдөг бол хөдөөгийн иргэн багааар төлдөг байж болно шүү дээ. Гудамжинд шүлсээ хаяж, хогоо асгаж байгаа иргэнийг торгож болохгүй гэж үү. Энэ бүхэн хууль тогтоомжид тусгалаа олж хэрэгжих ёстой.      
                   
-Эрх зүйн орчинг бүрдүүлээд ажлаа  юунд ч чиглүүлэх вэ?

-Хотод дор хаяж арав гаруй жил амьдарсан хүнээр хотын ажлыг удирдуулмаар байна. Ингэж байж асуудлаа мэдэж  ажиллана биз дээ. Одоогийн удирдлагууд нь энд тэнд тууз хайчилдаг, элдэв арга хэмжээнүүдэд харагдаж үг хэлэхээс хэтрэхгүй, гадаад дотоод томилолтоор  төсвийн хөрөнгөөр зугаалах нь хэрээс хэтэрч хүн бүрийн уур уцаарыг хүргэж байна  шүү дээ.  Дүүргүүдийн  захиргааны барилгуудыг хар. Дүүргийн Засаг дарга нараас ганц хотод төрж  өссөн Э.Мөнх-Очир Баянзүрх дүүргийн засаг дарга байхдаа шинэчлэн бариулсан захиргааны байрыг бусад дүүргийн барилгуудтай харьцуул л даа. Тиймээс ч бид ТББ-ынхаа уриагаар Р.Чойном агсны “Уур минь хүрч байна” шүлгийг сонгосон. Цаашид  нийслэлийн иргэдийн  энэ их уур уцаарыг бага боловч намжаахын тулд энэ оны орон нутгийн сонгуульд оролцож, өөрсдийнхөө төлөөллийг бий болгоно.  Хүчтэй сөрөг хүчин болж хяналт тавин ажиллах шаардлагатай байна. Нийслэлээ  гэсэн сэтгэлтэй хэн бүхэн биднийг дэмжиж байгааг энд дурьдах нь зүйтэй болов уу. Бид итгэлийг ажлаар хариулах болно.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж