Тэгвэл 2012 оны 2-р сарын шилдэг тамирчнаар жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ САЙНЖАРГАЛЫН НЯМ-ОЧИР тодорлоо. Тэрээр өнгөрсөн сард Парис хотноо болсон Их Дуулга тэмцээнд түрүүлж, Дюсселдорфийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн билээ.
ОУХМ С.Ням-Очир Монголын спортын нэгдсэн сайт SPORTNEWS.MN сайтаар дамжин авсан үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 47 хувийн саналыг цуглуулж чаджээ. Энэ нь жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдаас Сарын шилдэг тамирчин болж буй 3 дахь тохиолдол бөгөөд өмнө нь ОУХМ П.Лхамдэгд, С.Мияарагчаа нар шилдэг болж байсан удаатай.
Харин 2-р байрт Сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд 2 дахь удаагаа нэр дэвшсэн, Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөхөөс 8 даван түрүүлсэн Монгол Улсын Аварга С.Мөнхбат орлоо. Тэрээр нийт 34 хувийн саналыг авсан байна. Таэквондогийн спортын тамирчдаас анх удаагаа энэ шалгаруулалтанд нэр дэвшсэн Спортын Мастер Д.Дашням 7,5 хувийн саналаар удааллаа. Тэрээр Хонконгод болсон Олон улсын “Алтан Цом” тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн юм. Тэрчлэн 12-р сарын шилдэг тамирчин, манай шалгаруулалтанд 3 дахь удаагаа нэр дэвшин дээд амжилтыг тогтоосон МУГТ Б.Сэр-Од, Европын цуврал тэмцээнүүдээс 3 медаль хүртэн, олимпийн эрхийн төлөө хүчтэй дайралтыг хийж буй жүдогийн ОУХМ Д.Сумъяа нар 2-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд нэр дэвшин амжилттай өрсөлдлөө.
Онлайн шалгаруулалтын дүн:
1.С.Ням-Очир – 34% /225 санал/
2.С.Мөнхбат – 28% /184 санал/
3.Д.Дашням – 15%/96 санал/
4. Б.Сэр-Од – 13% /85 санал/
5.Д.Сумъяа – 10% /71 санал/
Нийт дүн:
1. С.Ням-Очир – 17% + 30% = 47%
2. С.Мөнхбат – 14% + 20% =34%
3. Д.Дашням – 7,5%
4. Б.Сэр-Од – 6,5%
5. Д.Сумъяа – 5%