Орон нутгийн сэтгүүлчид уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сэтгүүлчид уулзаж байна

Хөдөө орон нутагт, амьдралын гүнд ажиллаж амьдарч, халуун цэгээс мэдээ мэдээлэл хүргэдэг орон нутгийн сэтгүүлчид энэ сарын 9-нөөс эхлэн уулзалт-семинар хийж байна. Тэд Эрдэнэтэд зочилж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан улмаар нийслэлд ирж АТГ, СЕХ зэрэг байгууллагуудаар оржээ.

Өнөөдөр орон нутгийн сэтгүүлчид Төрийн ордонд зочилж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа. Тэд Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хууль хэзээ батлагдах, орон нутагт шүүхийн шинэтгэл, өөрчлөлт хийх цаг болсон, малын хулгай их байгаа зэрэг сэдвээр Ерөнхийлөгчтэй ярилцсан юм. Мөн орон нутгийн дарга нар өөрийн мэдлийн вант улс шиг аашилдаг, Дархан-Уул амйгийн Хонгор сумын хордлого хэвээр байгаа зэргийг ярьцгааж байв. Хөвсгөл далайн орчимд фосфоритын орд ашиглах гэж байгаа талаар сэтгүүлчийн хөндсөн асуултад Ерөнхийлөгч хариулахдаа “Хөвсгөл далайн орчимд орд ашиглаж болохгүй” гээд ашиглалтын лиценз шинээр олгох асуудлыг хориглоод хоёр жил болж буйг сануулсан юм.

Сэтгүүлчдийг гадаад айлчлалуудад хамруулах, төрийн одон медальд тодорхойлуулах зэрэгт Ерөнхийлөгч анхаарлаа хандуулахаар болов.

Уулзалтын дараа орон нутгийн сэтгүүлчид Төрийн ордны Чингисийн ёслол, хүндэтгэлийн цогцолборыг үзэж, Төрийн есөн хөлт цагаан тугны дэргэд болон Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт дурсгалын зураг татууллаа. Сэтгүүлчдийн уулзалт семинар өнөөдөр өндөрлөж байгаа юм.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж