Монголын Ардчилсан Холбооны залуучуудаа,
Анд найз нараа,
Монголын Ардчилсан Холбооны залуучуудын анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн та бүхэндээ чинь сэтгэлийн талархал илэрхийлэе.
1990 оны Ардчилсан хувьсгалын түүхэн үйл явдлаар Монгол улсыг зах зээлийн эдийн засагтай, олон намын тогтолцоог бүрдүүлсэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, иргэдээ хуулиар хамгаалагдсан хувийн өмчтэй болгож, хуучны коммунист улсаас ардчилсан улс Монгол Улс болгохын төлөө тасралтгүй тууштай тэмцсэн Ардчилсан Холбооны анхдагч гишүүддээ залуу үеийхнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Ардчилсан хувьсгал нь Монгол хүн эх орондоо эзэн нь болж орох орон, идэх хоол, өмсөх хувцсаар дуталгүй эрүүл энх, элэг бүтэн амар жимэр амьдрах тийм л өргөн боломжийг Монголчуудад олгосон юм хэмээн “Эмэгтэйчүүд хөдөлгөөн”-ний тэргүүн Ц.Баярмаа өчигдөрхөн илтгэлдээ дурдаж байсан.
Хэрэв тухайн үед Ардчилсан хувьсгал ялаагүй бол та бид өнөөдөр яг энд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй, урьдаас бэлдсэн текстийг уншиж, урьдчилан бэлдүүлсэн худал алга ташилтаар булуулах байсан байх.
Өнөөдөр өөрсдийн үзэл бодлоороо, итгэл үнэмшилээрээ энд хуран цугласан та бүхнээрээ би бахархаж байна.
Та бүхний итгэл үнэмшил маш олон залуучуудын амьдралыг утга учир, зорилготой болгож “эрх чөлөөт монгол”-ын улс төр, эдийн засагт шудрага ёсыг тогтооно гэдэг би итгэж байна.
Аливаа асуудлыг хэн нэгэн хувь хүнээр бус, хуулиар зохицуулдаг засаг төртэй байх ийм л нийгмийн тогтолцоог залуучууд бид хүссээр ирсэн.
Харамсалтай нь 22 жилийн өмнө Монголын Ардчилсан холбооны тэмцэж, олж авч чадсан ардчилалын ололтуудыг маань өнөөдөр зөвхөн хөрөнгө мөнгө, хүч чадалтай, эрх мэдэл, танил талтай хүмүүс л өөртөө ашигтай байдлаар завшиж байна.
Миний бие энэ удаа эрх мэдэлтэй дарга, даамал нарт хариуцлага тооцохоо больсон, жирийн иргэдийг ялгаварлан гадуурхдаг ийм л бурангуй нийгмийн өмнө өвдөг сөхөрч, цөхрөнгөө барсан Монголын мянга мянган залуусын өмнөөс ярих яриа, хэлэх үгээ бэлдлээ.
Хариуцлагыг жирийн нэг багш, сувилагч, орцны жижүүр, орох оронгүй ядарсан иргэддээ ноогдуулдаг залхаан цээрлүүлэлт болон хувирч ээ.
Би – хорт угаараар амьсгалж уушиг цээжээ хордуулдаг Утаанбаатарт, хоёр км-н газрыг хоёр цаг туулдаг Удаанбаатарт асар их бухимдал дунд амьдарч буй нийгмийн нэгэн төлөөлөл болох залуу хүн.
Өнөөдөр 30 000 төгрөгийн гар утас дээрэмдсэн залуу өөрийнхөө амьдралын бүхэл бүтэн 5-н жилийг төмөр торны цаана хатуу хяналт доор өнгөрүүлж байхад 3-н тэрбумыг хулгайлсан эрхтэн дархтан 3-хан жилийн ял авч байна. Зарим дарга нар ямар ч гэм зэмгүй өнгөрч байна. Энэ шударга явдал мөн үү хэмээн би та бүхнээс асуумаар байна.
Тэгвэл “Шинэ үе”-ийн залуучууд үгүй гэж хэлнэ.
Хулгай хийгээд сайд болдог, худлаа хэлээд дарга болдог бүхэл бүтэн нийгмийн тогтолцоотой бид тэмцэх цаг нь болжээ.
Энэ бүхэнд хэн буруутай вэ гэвэл эх орныхоо газар нутаг, гадныханы мөнгөнд автан байгалийн баялгийг тэдэнд худалдаж буй төр засгийн хэдхэн эрх мэдэлтэнүүд болон тэдний цаана буй “буруу гар”-ын бизнесийн бүлэглэлүүд буруутай. Тэдний үр хүүхэд, гэр бүл нь эх орноосоо дайжин гадааддын өндөр хөгжилтэй улсад улсаас хулгайлсан мөнгөөрөө тансаглан амьдарч байна.
Ядуурал, гуйланчлал, авилгал хээл хахууль, нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт, шат шатны дарангуйлалд цөхрөнгөө барсан жирийн нэгэн Монгол залуу хүн өнөөдөр хэнээс ч хараат бусаар бие даан тайван сайхан амьдрах боломж алга.
Иймд би энэ бүхний эсрэг та бүхэнтэй хамт тэмцэж өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлмээр байна.
Хийж бүтээхийн хүсэл нь бадарч яваа эрч хүчтэй насандаа “гудамж метрлэн, лааз өшиглөж” буй залууст ямархуу зовлон бэрхшээл тохиолдож байдгийг үнэндээ бид тэр бүрчлэн ярьдаггүй. Өнөөдөр үүнийг би уудлая гэж бодлоо.
Баялагийн хуваарилалт тэгш бус явагдаж нийгмийн баялагийн 80 хүртэлх хувь нь хэдхэн гэр бүлийн хяналтанд төвлөрч, нийт иргэдийн 80 хувь ядуу амьдрах гэж та бид ардчилсан нийгмийг сонгоогүй ээ.
Их дээд сургууль төгсөгч залуучуудын 40 хүрэхгүй хувь нь ажлын байраар хангагдаж, дээд мэргэжилтэй ажилгүй залуучуудын арми гэсэн шинэ нэр томьёо энэ нийгэмд гарч ирэхэд ойрхон байна. Харин ажил олгогчид маань сүүлийн үед бараг л даварч царай зүс сайтай, дээд, мэргэжилтэй цэвэрлэгч, угаагч ажилд авна хэмээн шаардах болсон.
Дөрвөн жил сурсан их сургуулийн боловсрол нь 3-н жилийн ажилгүйдэлд дарагдан мартагдаж, шинээр төгссөн боловсон хүчинд зайгаа тавьж өгөх асуудал үүснэ. Энэ бүхэн нь зөвхөн хувь хүнд бус нийгэмд ч сөргөөр нөлөөлөн олон мянган залуучуудын амьдрал золиос болон хувирч ядуусын эгнээнд мянга, мянган охид хөвгүүд гулсан орж байна. Тэд нийгмийн халамж хэмээх багахан хэмжээний бэлэн мөнгөний бодлогод хамрагдаж ажил хийхгүй ч өлбөрч үхдэггүй ийм балай нийгмийн хохирогчид болж байна.
Залуу, хойч үедээ зориулагдсан боловсролын систем нь оюун санааны бус бохир бизнесийн салбар болон хувирсан байна. Үүнийг таслан зогсооё.
Залууст зориулсан дэмжлэг, тэтгэлэг нь эзэндээ хүрч чадахгүй эрх ямбантгуудын үр хүүхдэд зориулагдсан боломж болон хувирч ээ. Үгээ хэлье залуусаа.
Залуучуудыг ахиад хэдэн жил ажилгүй явуулах юм бэ?
Ажилгүй учраас нийгмийн даатгалын дэвтэргүй, өвдсөн ч өндөр төлбөр төлж, өтөлсөн ч тэтгэвэр авах эрхгүйгээр насыг барах харгис нийгэмд аж төрж байна.
Мөнгө төлөөгүй хүнд өрхийн эмнэлэгээс авхуулаад улсын клиникийн эмнэлэг хүртэл хаалттай болсон харгис нийгмийн золиос нь энгийн ард иргэд. Дарга нар нь голоод хэвтдэггүй эмнэлэгт доодос нь сөгдөж гуйгаад ч орж чадахаа байлаа.
Газар доор хүний амьдралын томоохон нийгэм үүсэн бий боллоо.Тэнд хүн амьдарч, тэнд хүүхэд төрж байна. Тэдэнд хууль эрх зүйн орчин, шудрага ёс, нийгмийн тухай ойлголт, сайн сайхан мөрөөдөл гэж бараг үгүй.
Залуу хүн та хаа хамаагүй тайрсан ой мод шиг утга учиргүй харагдах нийслэл Улаанбаатар хотынхоо гудамжаар алхахдаа хэн нэгэн даргыг танихгүй л бол хэзээ ч үл биелэгдэх асуудалтай тулгарах үедээ, өвдөж шаналж буй ижийгээ эмнэлэгт хэвтүүлэх үедээ, ажил олдохгүй өөрийгөө зүхэх гутрах үедээ үүнд хэн буруутай вэ гэж бодож нэг үзээрэй. Төрийн нэрийн өмнөөс ард түмний газар доорхи баялагыг хуу хаман авч буй эрх мэдэлтнүүдээс асуугаад нэг үзээрэй.
Монголын төр залуучуудынхаа эх орондоо ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хаан боогдуулж, хөдөлмөрлөн бүтээх нөхцөлийг бүрдүүлж чадахгүй, хөдөлмөрийн насны залуучуудыг гадагш нь бараа таваар мэт хэдэн арван мянгаар экспортлож байна. Үүнийг би эсэргүүцэж байна.
Экспортлох, экспортлохдоо хамгийн эрүүл, хамгийн чадвартай эрүүл чийрэг монгол залуучуудыг шилэн авч байна. Бид гадны улсын хөгжил цэцэглэлтэнд хямд ажиллах хүч бэлтгэдэг тийм ард түмэн биш ээ.
Бидэнд бахархах түүх бий, бүтээн байгууллах хүсэл эрмэлзэл бий. Гагцхүү бидэнд боломж, бодит дэмжлэг л хэрэгтэй.
Монгол улс архин далайд живж, 21 000-н төгрөгөөр амьдарч голоо зогоодог амьгүй албат мэт хүн сүрэг үүсэн бий болж байна. Төр засаг архины үйлдвэрлэлийг асар нарийн бодлогоор хөхүүлэн дэмжиж, тэднийг өөгшүүлсэн халамжийн бодлогыг хэт тэлж байгаа нь үүнийг таслан зогсоох ямар ч сонирхол, оролдлого байхгүйг улам бүр бататган өгч байна. Залуучуудын дундах архидалт, тамхидалт, мансуурал нь өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж гэмт хэрэгт орооцолдох явдал ихсэх боллоо. Үүрэг хариуцлагаа ухамсарлья залуусаа.
Тийм учраас залуусааг, хэрэгцээ шаардлагыг хэнээр ч бүү хэлүүл, өөрсдөө хайя, өөрсдөө харъя, өөрчилье, хөгжүүлье. Өөрөө өөртөө эзэн нь байя.
Залуусын зөв төлөвшил, эх оронч үзэл багасч, Монгол цус бохирдож байна. Биднийг байсаар байтал гадны ажиллах хүч элдэв гаж соёлынхоо хамтаар хүч түрэн орж ирэн биднийг доромжилж байна. Үүнд цэг тавья.
Эрх баригчдаас бидний боломжийг эргүүлэн олгохыг нэхэн шаардья. Дуу хоолойгоо нэгтгэе.
Бидэнд асуудал хангалттай их байна. Одоо бид асуудлыг шийдэх, шийдлийг гаргаж ирмээр байна.
Оюутны тэтгэлэг болгон өгч буй мөнгөөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургууль байгууллах боломж бүрэн бий гэдгийг сануулья. Тэгэж чадваас оюутан нь багшаасаа мундаг байж болохгүй гэсэн хоцрогдсон сургалтын системийг өөрчилж чадна.
Сүүлийн хоёрхон жилд Нийгмийн халамж болгон үр ашиггүй тарааж буй 1триллион 180 тэрбум төгрөгөөр аж үйлдвэржсэн Монгол улсыг бүтээн байгууллах боломж бий.
Залуучууд бид юу хүсэж байна вэ гэхээр магадгүй 5,10-н жилийн дараа эргээд харахад өөрийн хийж бүтээсэн зүйлтэй, түүгээрээ бахархах сэтгэлтэй байхыг л хүсэж байна.
Залуучуудаа, бидний гарт эрх чөлөө минь бий. Бидний оюун ухаанд эх орны минь ирээдүй, хөгжил цэцэглэл бий.
Нийгмийг хөдөлгөн, өөрчлөгч хамгийн том хүчин бол залуучууд байдаг гэдгийг дэлхийн улс гүрнүүдийн бүх цаг үеийн түүх баталж өгдөг.
Бид эх орныхоо ирээдүй нь биш өнөөдөр нь байх болно.
Би жинхэнэ Монгол мөрөөдлөөр шинэ үеийн Монгол залуусын давалгааг бий болгохыг хүсэж байна.
Залуу хүн гэж хүсэл нь шуналаасаа илүү, үйлс нь амныхаа эхэнд, ухаан нь хэтэвчнээсээ зузаан тийм л хүнийг хэлнэ гэж би боддог.
Залуу хүнийг хүсэл, мөрөөдөл нь чимдэг юм.
Сэрж мэдэрч, сэтгэн бодож, тэмцэж, тэгээд ялж амьдарцгаая залуусаа.