Ш.Чуданжий давж заалдах өргөдлөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Ш.Чуданжий давж заалдах өргөдлөө өгчээ

Зоос банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох банкны мөнгө үрэгдүүлсэн гэх хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч сард хэлэлцээд зургаан жилийн хорих ял оноож, 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан билээ. Түүнд оноосон  зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн ч харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн байснаа өнөөдөр давж  заалдах өргөдлөө нийслэлийн шүүхэд өгсөн байна.

Уг хэрэгт  Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг холбогдуулан шалгасан ч мөрдөн байцаалтын явцад гэм буруутай болох нь нотлогдоогүй учир НПГ-аас хэрэгсэхгүй болгосон билээ.

Харин  Зоос банкны 113 дугаар сал­ба­рын захирал Ж.Алтанцаг, Га­даад дахь төлбөр, тооцоо хариуц­сан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч долоо хоногт Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэм­дэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж