Нээлтийн ёслолыг нээж, дүүргийн Засаг дарга Б.Батзориг хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж 100 хүүхдийн ортой 8 шинэ цэцэрлэг, 50-75 хүүхдийн ортой дөрвөн цэцэрлэгийн өргөтгөл, зургаан сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулж хүүхдүүддээ бэлэг барьсан бол энэ жил 640 хүүхдийн суудалтай хоёр шинэ сургуулийн барилга, хоёр сургуулийн өргөтгөл , 500 хүний суудалтай соёлын төв мөн иргэдийн саналыг авч хороодод бичил цэцэрлэг, гудамжны тохижилтуудыг хийнэ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний дагуу төв замыг шинэчлэнэ гээд иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа” хэмээн онцолжээ.
Тус дүүрэг иргэдийг эдийн засгийн хувьд бие даасан байх нөхцөлийг хангаж, өнгөрсөн онд 43 аж ахуйн нэгжид 2 тэрбум 302 сая төгрөгийн зээл олгосон байна. Шинээр 10800 иргэнийг байнгын ажлын байраар хангахын сацуу хоггүй дүүрэг болох зорилтын хүрээнд цагаан даваанд хог ангилан ялгах цэгийг Япон улсын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа ажээ.