Монголын төмрийн хүдрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын нэг “Бэрэн Майнинг” компани Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж буйгаа мэдээлжээ. Тус компанийн IPO-ийн андеррайтерийн үйлчилгээг “BDSec” брокерийн компани хийж байгаа ажээ. “BDSec”-ийн мэдээлж буйгаар “Бэрэн Майнинг” компанийн нийт хувьцааны 30 хувийг борлуулж 100 сая ам.доллар буюу 130 тэрбум төгрөгийн хөрөнгө босгох тооцоотой байна. Хэрэв “Бэрэн Майнинг” ийм хэмжээний хөрөнгө босгож чадвал Монголын хөрөнгийн бирж дээр хийж байсан хамгийн үлэмж IPO болох нь тодорхой байгаа юм.
IPO хийх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо саяхан олгосон тухай “BDSec”-ийн дэд захирал Б.Лхагвадорж мэдээлсэн байна. Тэрбээр мөн ирэх наймдугаар сард хувьцааны худалдааг эхлүүлэх бөгөөд Сингапур, Нью Йорк, Токио, Солонгосын стратегийн хөрөнгө оруулагч нартай уулзалт хийхээр төлөвлөж буй ажээ. “BDSec”-ийн мэдээлж байгаагаар IPO-ийн хүрээнд худалдаалах нийт хувьцааны 20 хувийг стратегийн хөрөнгө оруулагчид, үлдсэн хувийг олон нийтэд худалдаалах юм байна.
“Бэрэн Майнинг” компани хувьцааны арилжаагаар олох хөрөнгийг Архангай аймаг дахь Тамирын голын төмрийн хүдрийн уурхайнхаа үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж буй ажээ.
Б.Төгс