Бангладешт 200-аад зорчигчтой усан онгоц живсэнээс олон хүн амиа алджээ. Дака хотоос холгүй орших Мегхна голд живсэн онгоцноос 35 хүнийг аварчээ. Гэрчүүдийн мэдээлснээр усан онгоц жижиг шатахуун тээвэрлэгчтэй мөргөлдсөн гэнэ. Аврах багийнхан живсэн онгоцны байрлалыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Бангладешт усан онгоц живсэнээс болж жилд олон хүн амиа алддаг аж. Орон нутгийн цагдаа нарын мэдээлж буйгаар 35 зорчигчийг аварсан боловч 150 гаруй зорчигчийн сургийг гаргаж чадаагүй байгаа юм байна. Усан онгоц Шариатпур дүүргээс Дака хот руу зорчигч тээвэрлэж байжээ. Шинжээчдийн эхний таамаглалаал усан онгоц аюулгүй байдлын дүрэм зөрчиж, хэт олон зорчигч тээвэрлэж явсан бололтой. Өнгөрсөн оны зургадугаар сард Бангладешийн зүүн хойд хэсэгт усан онгоц далайн шуурганд өртсөнөөс хэдэн арван зорчигч живсэн хэрэг гарч байсан юм байна. 2009 онд нэг долоо хоногийн дотор хоёр усан онгоц живж, 118 хүн живсэн удаатай.
Н.Энх