“Спрайт супер лиг” Дархан хотод боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

“Спрайт супер лиг” Дархан хотод боллоо

Эрч хүчний тэсрэлт Спрайт брэндээр овоглосон  Спрайт супер лигийн энэ улирлын 10,11 тойргийн тоглолтууд Дархан хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай  боллоо. Лигийн аялан тоглолтын анхны хот болох Дарханд Спрайт лигийнхийг баяртай хүлээж авсан юм.  Нийт 15 тоглолт явагдсан бөгөөд хүснэгтийг нэг ч хожигдолгүй  “Танан Импекс” тэргүүлж байна. Харин “Танан Импекс” багийн дараа “ОТИС”, “Эрдэнэдрийлинг RIGS”, “Мега стар” багууд хоёр гурван хожигдолтойгоор удаалж байна. Ингээд өнгөрсөн амралтын өдөр болсон сонирхолтой тоглолтуудыг тоймлон хүргэе.

Талбайн эздийг 20 онооны зөрүүтэйгээр буулган авлаа

 Спрайт супер лигийг нэг хожигдолгүй тэргүүлж байгаа “Танан  Импекс” багийн залуус талбайн эздийг 20 онооны зөрүүтэйгээр буулган авлаа.  Хоёр багийн тоглолтын эхний үеийн 23:28 харьцаатайгаар “Танан Импекс” багийн давамгайллаар өндөрлөсөн. Дархан багийн нэгдүгээр гарааны таван тоглогчийн нэг, багийн лидер тоглогч С.Мөнхтүвшин энэ удаад ч гэсэн шилдэг гэдгээ харуулан эхний үед 12 оноо авсан байна. Харин “Танан Импекс” багийн Б.Мөнхболд мөн 12 оноо аван шилдэг нь байлаа. Сүүлийн гурван үед ч Танангийн залуус хамгаалалт болон довтолгоонд илүү байснаар 67:87 харьцаатайгаар өрсөлдөгчөө хожсон. Тус тоглолтонд талбайн эздээс С.Мөнхтүвшин 22 оноо, +11 самбар, + 4 бөмбөг таслалт, +4 оновчтой дамжуулалт өгч шилдэг тоглолт үзүүлсэн ч баг нь хожигдсон. Харин Танангийн залуучуудаас Мөнхболд 22 оноо, +4 самбар авсан бол Отгонсүх 14 оноо аван багаасаа шилдэг байж багаа хожилд хөтөллөө. Талбайн эздийн хожигдлын шалтгаан хоёрдугаар гарааны тавт 8-хан оноо авсан нь хожигдоход хүргэсэн байна. “Танан Импекс” баг өнгөрсөн ням гаригт  хөгжлийн лигээс дэвшин орж ирсэн “I Chuk” багтай тоглож, тус тоглолтонд 82:62  харьцаатайгаар Танангийн залуус илүүрхлээ. Ингэснээр “Танан Импекс” багийн хожигдолгүй цуврал үргэлжилсээр…

ОТИС эцсийн мөчид “Эрдэнэдрийлинг RIGS” багийг буулган авлаа

Өнгөрсөн амралтын өдөр болсон сонирхолтой тоглолтуудыг нэг бол лигийн тэргүүлэгчдийн эгнээнд явж буй “ОТИС” болон  “Эрдэнэдрийлинг RIGS” багуудын хооронд боллоо. Өгөө аваатай болсон тоглолтын эхний үеийг 22:19 харьцаатайгаар тэргүүлсэн бол хоёрдугаар үеийг  “Эрдэнэдрийлинг RIGS” баг өөрийн талд өндөрлүүлсэн байна.  Харин тоглолтыг гуравдугаар үед “ОТИС” багийн залуус 29 оноо авсан бол   “Эрдэнэдрийлинг RIGS” баг 18 оноо авчээ. Шийдвэрлэх 4 үед  “Эрдэнэдрийлинг RIGS” багаа оноог ойртуулах гэж хичээсэн эцсийн мөчид хоёр онооны зөрүүтэйгээр буюу 84:82 харьцаатайгаар  “ОТИС” багийн залуус ээлжит хожлоо авлаа.  Хожил авсан багаас Д.Төгөлдөр 22 оноо, +3 самбар авч шилдэг нь байснаар багаа хожилд хөтөлсөн. Түүнд Б.Билгүүн 14 оноо, +3 блок, Т.Олдохбаяр 13 оноо, Г.Тамир 12 оноо авч тус хүргэлээ. Харин  “Эрдэнэдрийлинг RIGS” багаас Л.Мөнхнасан 27 оноо авч багаасаа шилдэг байсан ч баг нь ээлжит хожигдлоо хүлээлээ.

Цом хамгаалагчид хоёр хожиж, нэг хожигдлоо

Энэ жил цом хамгаалан тоглож буй ИНЕГ-ын Буян-Ухаа баг өнгөрсөн амралтын өдөр болсон тойргийн тоглолтуудад хоёр хожиж, нэг хожигдлоо.  10 тойрогт “Montel Panasonic” багтай учраа таарч тоглолтын эхний үеийг  “Montel Panasonic” баг 20:17 харьцаатайгаар тэргүүлсэн.  Гэсэн ч энэ тэргүүлэл тоглолтын 2 үеэс цом хамгаалагчдынх болж, улмаар 88:66 харьцаатайгаар  ИНЕГ-ын Буян-Ухаа баг долоо дахь хожлоо авсан. Тус тоглолтонд ИНЕГ-ын Буян-Ухаа багаас Т.Эрдэнэмөнх  16 оноо, +10 самбар авч дабль дабль хийсэн бол Ж.Оргил 17 оноо, + 4 оновчтой дамжуулалт, +5 бөмбөг таслалт хийж багийнхаа шилдэг нь байлаа. Харин “Montel Panasonic” багаас  Лхагвадорж 23 оноо авч шилдэг байсан бол түүнд багийн анд Бат-Эрдэнэ 12 оноо, +23 самбар авч багийнхаа шилдгүүд байсан ч баг ээлжит хожигдлоо хүлээлээ.  Мөн цом хамгаалагчид  “УБЦТС ХК” багтай тоглосон.  Тус тоглолтонд ИНЕГ-ын Буян-Ухаа баг өрсөлдөгчөө 95:85 харьцаатайгаар буулган авсан. Харин ням гаригт   2010 оны Спрайт супер лигийн аварга “Хасу мегаватт” ХХК-ийн “Мега стар” багтай учраа таарсан юм.   Эхний үеийг 18:12 харьцаатайгаар ИНЕГ-ын Буян-Ухаа баг тэргүүлсэн ч тоглолтын   2 үед хангалтгүй тоглож, оноо алдан улмаар хоёр багийн тоглолтонд 65:62 харьцаатай “Мега стар” ээлжит хожлоо авсан билээ.

“Lodestar” баг хоёрдахь хожлоо авлаа

Спрайт хөгжлийн лигээс дэвшин орж ирсэн Lodestar баг энэ улирлын хоёрдахь хожлоо авлаа. Тэд эхний хожлоо лигийн тэргүүн тоглогчдоос бүрдсэн “Хөвсгөл нэг үе” багаас авч байсан. Тус хожлоос хойш хожилгүй явсан  Lodestar баг дарханд болсон тойргийн тоглолтонд “Montel Panasonic” багийг илүүрхлээ. Тус тоглолтонд Lodestar багийн зургаан тоглогч 10 болон түүнээс дээш оноо авсан байна. Тоглолтын эхний үеийг 21:13 харьцаатайгаар  Lodestar баг илүүрхсэн бол харин 2 үед “Montel Panasonic” баг илүү тоглон оноог ойртуулсан. Гэсэн ч тоглолтын шийдвэрлэх хоёр үед Lodestar багийн залуус илүү амжилттай довтолж, сайн хамгаалж байснаар 83:69 харьцаатайгаар ялалт байгууллаа.

Ийнхүү 2 сарын 4-нд эхэлсэн Спрайт супер лигийн улирлын тоглолтууд амжилттай үргэлжилж байна.  Энэ долоо хоногт  Спрайт супер лигийн тоглолтууд Тэмүүжин спорт зааланд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж