Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

СЕХ-г огцруулна гэв

Шударга сонгуулийн төлөө түр хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Эрс шинэчлэл”, “Үндэсний хас” зэрэг хөдөлгөөн нэгдэж, дээрх хороог байгуулсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт тус бүр хүргүүлж буй тухайгаа мэдэгдсэн юм. Тэд хэлэхдээ “Сонгогчдын саналыг будилаантуулж гол булхай, луйвар хийдэг газар бол Сонгуулийн ерөнхий хороо. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон  үймээний гол буруутан ч энэ байгууллага. Ирэх сонгуулийг эрх баригчдаас хараат бус олон нийтийн төлөөллийг багтаасан цоо шинэ бүрэлдэхүүнээр хийх нь чухал байна. Тиймээс эл байгууллагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлага байна гэж үзэж буйгаа хэллээ. Мөн тэд сонгууль зохион байгуулах төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн аль нэг хүчин болон эрх баригчдаас хараат бус байх ёстой гэж үзэж байна. Хэрвээ энэ шаардлагыг холбогдох газрууд биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж