Нийслэлийн прокурорын газраас “Анод” банкны хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Банкнаас зээлдэгчдийн зээлийн нөхцөл, барьцаа хөрөнгийн хэмжээ ямар байсныг шалгах шаардлагатай гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцсан энэ хэрэгт тус банкны захирлаас эхлээд ТУЗ-ийн нэр бүхий хүмүүсийг холбогдуулан шалгаж буй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр Н.Даваа, С.Энхтөр нарын хүнийг хоёр сар гаруй цагдан хориод батлан даалтад гаргасан. Хэрэг мөрдөн байцаалтад байх хугацаанд тус банкийг дампуурахад нөлөөлсөн байж болзошгүй томоохон зээлдэгч, хувьцаа эзэмшигчдийг холбогдуулан шалгаж эхэлсэн. Тэдний дунд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын нэр бий. Түүнд эрүүгийн хуулийн 156.2-т банкны байгууллагын ажилтан шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь тус банкийг байгуулагдах үед дүрмийн санг нь нэмэгдүүлэх зорилгоор багагүй мөнгө төвлөрүүлж байжээ. Үүнийг гэрчлэх баримтад гарын үсэг зурсан нь ч бий гэнэ. Гэвч тэрбээр тус банкинд төвлөрүүлсэн хөрөнгөө татсан, олон тэрбум төгрөгийн зээл авсан зэрэг нь банкны үйл ажиллагаанд нөлөөлсөн байж болзошгүй аж. Анод банкны чанаргүй зээлдэгчдийн тоонд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын гэгддэг “Очир төв” компани дээгүүрт бичигджээ. Тус компани өнөө хэр нь банкнаас авсан зээлээ барагдуулж дуусаагүй аж.
С.Отгон