-Халамжийн тухай хуулийг шинэчлэн баталснаар амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхөд мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Энэ ажил ямар шатанд яваа бол?
-Халамжийг хүн бүр хүртэж хавтгайрч байна гэсэн шүүмжлэл олон жилийн туршид асуудал болж ирсэн учраас УИХ-ын намрын чуулганаар Халамжийн тухай хуулийг баталсан. Гол нь халамжийг зорилтот бүлэг рүүгээ чиглүүлэх зорилгоор. Өнөөдөр өрхийн орлого, зарлагыг тодорхойлох ажил улс даяар хийгдэж байна. Үүний дараа өрхийн орлого доогуур өрхөд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно. Том хүнд 7000, хүүхдэд 10 мянган төгрөг олгохоор болж хөрөнгө мөнгийг тооцсон.
-Ажил хийгээгүй ч юм уу, аль эсвэл ажил хийж байсан ч Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэдэг үндэслэлээр тэтгэврээ тогтоолгож чаддаггүй олон иргэн байдаг. Тэдний асуудлыг мөн энэ хуулийн хүрээнд зохицуулсан гэдэг. Яг ямар байдлаар ийм иргэд рүү хандсан зохицуулалт тусгаж өгсөн юм бэ?
-Яг хэлээд байгаа наад үндэслэл шалтгаануудаар тэтгэвэрт гарч чадахгүй байгаа олон иргэн бий. Халамжийн хууль ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжихээр тэдгээр иргэд халамжийн тэтгэмж зохих хэмжээгээр авах эрхтэй болно. Эмэгтэйчүүдийн хувьд 55 нас хүрсэн, эрэгтэй нь 60 нас хүрсэн. Ажил хийгээгүй, Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй боловч халамжийн тэтгэмж авна гэж ойлгож болно.
-Ээлжит бус чуулганаар тэтгэврийн зөрүүг арилгах хуулийг баталсан. Уг хууль батлагдсанаар үнэхээр зөрүү арилах уу. Нийт хэчнээн иргэн тэтгэврийнхээ зөрүүг арилгах боломжтой болсон бэ. Мөн тэтгэвэр хоёрдугаар сарын 1-нээс эхэлж нэмэгдэж байна. Тэтгэврийн дундаж хэмжээ хэдэд хүрч байна вэ?
-УИХ-ын ээлжит бус чуулганаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталснаар нийтдээ 163 мянган иргэний тэтгэврийн зөрүүг арилгах асуудал шийдэгдэж байгаа. Тодруулж хэлбэл, 1995 оноос өмнө тэтгэвэр авч байсан 80 мянга гаруй ахмад, 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон ч 1995 оны цалингийн жишгээр тэтгэврээ тогтоолгосон 80 мянга гаруй иргэн үүнд хамаарна. Энэ хууль ирэх тавдугаар сарын 1-нээс эхэлж мөрдөгдөнө. Цаашдаа жил болгон Засгийн газраас тэтгэврийн хэмжээг индексжүүлэх зэргээр арга хэмжээ авахаар энэ бүхэн эцэслэн шийдэгдэнэ. Хууль хэрэгжээд эхлэхээр нийт 67 тэрбум төгрөгийг ахмадуудад олгоно. Нэг жишээ хэлэхэд, энэ хуулийн хүрээнд тэтгэврийн доод хэмжээ өнөөдөр 105 мянган төгрөг байгаа. Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор энэ хэмжээ 35 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Дараа нь буюу тавдугаар сарын 1-нээс тэтгэвэр дунджаар 23 хувиар өснө. Энэ үед тэтгэврийн хэмжээ дунджаар 180000-190000 төгрөгт хүрэхээр болж байгаа. Нөгөө нэг асуудал нь Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль юм. 2010 онд өөрчлөлт оруулсан. Цэргийнхний тэтгэврийг цалингийн 60 хувиар тооцож тогтоодог байсан бол 80 хувьд хүргэж нэмэгдүүлсэн. Энэ хуульд орсон нэг заалт нь цэргийнхний тэтгэвэр, тэтгэмжийг Цэргийн тэтгэврийн сангаас олгохыг Нийгмийн даатгалын сангаас олгоно гэж зааснаас болж тэтгэврийн хүмүүст бэрхшээл учирч байгаа. Яг энэ асуудлыг одоо судалж байна, удахгүй УИХ-ын гишүүд төсөл өргөн барьж шийдвэрлэнэ гэж бодож байна.
-Эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж байгаад баталж чадалгүй завсарласан. Эл хуулийг хаврын чуулганаар баталж чадах уу?
-Олон хүүхэдтэй өрхийг дэмжих, Монгол Улсын хүн амыг өсгөх бодлогын хүрээнд эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцсэн ч баталж чадаагүй, гэхдээ хаврын чуулганаар амжаад батална гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ч хуулийн төслийг агуулгынх нь хувьд дэмжиж байгаа болов уу гэж боддог. Төсөлд зааснаар гурван хүүхэдтэй эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 70 мянган төгрөгийн, дөрвөн хүүхэдтэй эхэд 105300 таван хүүхэдтэй эхэд 140400, зургаан хүүхэдтэй эхэд 175500, долоон хүүхэдтэй эхэд 210600, найман хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 280 мянган төгрөгийн урамшууллыг сар бүр олгохоор зааж өгсөн. Нийгэмд бол маш их хүлээлт үүсгэж байгаа. Тэгэхээр хаврын чуулганаар хамгийн тэргүүнд хэлэлцээд баталчих болов уу. Орон нутагт ажиллахад ч олон нийтийн зүгээс маш их асууж, цаг алдалгүй батлах шаардлагатай шүү гэж хэлдэг л дээ.