Хятадын гадаад худалдаа алдагдалтай гарав

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Хятадын гадаад худалдаа алдагдалтай гарав

Хятадын гадаад худалдааны алдагдал
өнгөрсөн хоёрдугаар сард 31.5 тэрбум ам.доллар хүрсэн үзүүлэлт гарчээ.
Өнгөрсөн сард тус улсын импорт 39.6 хувиар өсч, 146 тэрбум долларт
хүрсэн бол экспорт 18.6 хувиар өсч 114.47 тэрбум долларт хүрчээ. Хятадын
экспортод Европын өрийн хямрал болон АНУ-ын эдийн засгийн удаашрал
нэрмээс болж буйг олон улсын шинжээчид тэмдэглэж байна.  Нөгөөтэйгүүр
Хятадын газрын тос болон зэс, төмрийн хүдрийн импорт өнгөрсөн сард
нэлээд өсөлттэй гарсан нь импортын хэмжээ өндөр дүнтэй гарахад
нөлөөлжээ. 

Харин өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын гадаад худалдаа 27 тэрбум долларын
ашигтай гарч байжээ. “Номура” эдийн засгийн судалгааны байгууллагын
шинжээч Зивэй Занг “Ерөнхийдөө, эдийн засгийн байдал маш хурдацтайгаар
доройтож байна. Эдийн засгийн удаашрал Засгийн газрын тооцоолж байснаас ч
хурдацтайгаар өрнөж байна” гэж хэлжээ. Хятадын экспорт багассан гэсэн
дуулиантай зэрэгцэн өчигдөр дэлхийн хөрөнгийн биржүүд дэх томоохон
компаниудын хувьцаа унаж эхэлсэн байна. Тухайлбал, “Вале”-гийн хувьцааны
үнэлгээ 2.5 хувь, “BHP Billiton”, “Anglo American”-ы хувьцаа 1 хувь,
“Рио Тинто”-гийнх 1.4 хувиар тус тус буурчээ. Эрдэс баялгийн салбарын
компаниудын хувьцаа бүхэлдээ эрчимтэйгээр буурсан байна.

Гэхдээ шинжээчид Хятадын гадаад худалдаа энэ онд ерөнхийдөө ашигтай
гарна гэдэгт итгэлтэй байна. Учир нь тус улсын компаниуд оны эхэнд
түүхий эдийн нөөцөө бэлтгэж авах үед экспорт харьцангуй буурдаг. Харин
оны дунд болон сүүл хэсэгт бүтээгдэхүүний экспорт нэмэгддэг гэсэн
тайлбар хийж буй юм.
Хятадын худалдааны хамгийн том түншүүд нь Европын холбоо болон АНУ юм.
Өнгөрсөн хоёр сард Хятад улсын Европын холбоотой хийсэн худалдааны
эргэлт 79.8 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.7
хувиар өссөн бол АНУ-тай хийсэн дүн нь 66.05 тэрбум доллар болж, 9.2
хувиар нэмэгджээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж