Лектор н.Цогтсугар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр архинаас татгалзах уриаг дэвшүүлсэн сонирхолтой уулзалтыг Сайншанд хотын “Саран хөхөө” театрын танхимд аймгийн ИТХ, “Манлайлагч иргэн” ТББ-ын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулжээ. Нэгэн үе архи хэмээх эдэд донтож, амьдрал ахуйгаа умартаж явсан тухайгаа элдэв хачиргүй сургамжлан ярьсан нь хүмүүст ихэд таалагдсан ажээ. Уулзалтад эмэгтэйчүүд давамгайлж оролцсон бөгөөд тэд “Өмнөө тулгарч буй бэрхшээлийг хэрхэн яаж даван туулах тухайгаа хоорондоо ярилцаж, нийгмийн асуудалд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэхэд чухал ач холбогдол өгсөн гарц боллоо” хэмээн зохион байгуулагчид дүгнэсэн байна. Дорноговь аймгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Архигүй Монгол” санаачилгыг дэмжин, нутаг орондоо ”Архигүй Дорноговь” аяныг өрнүүлж, баяр ёслолын үеэр архи хэрэглэхгүй байхыг уриалсан олон ажлыг зохион байгуулж байгаа гэнэ.
Э.Сараа