Харин Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан одонтой эхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ Төрийн тэргүүн нэг зүйлийг онцлов. “УИХ дахь эрчүүд “Ноолуурнаас их мөнгө олдог. Тэр мөнгөө ямаанд өгнө” гэж шийдвэр гаргадаг. Харамсалтай нь тэр мөнгийг цэцэрлэг болгож болох л байсан. Уул уурхайгаас мөнгө их олдог учраас энэ асуудлыг бүхний урдуур хэлэлцээд байна, эрчүүд. УИХ-д 20 ээж сууж байсан бол олон асуудлыг зөвөөр шийдэж, Монголын нийгмийн хөгжил бүтэн, дүүрэн болсон байх боломжтой” гэж. Тийм ээ, Элбэгээгийн хэлсэн үг үнэн. Хэрэв УИХ-ын гишүүдийн олонхи нь бүсгүйчүүд байсан бол төр ямаанд 30 тэрбум төгрөг төсөвлөхгүй байх байлаа. Хэрэв эрх мэдэлтнүүдийн олонхи нь эмэгтэйчүүд байсан бол нийгмийг халамжаар “хордуулж”, Монголын имижийг улс төрийн тогтворгүй байдал, үнийн өсөлт, үгээгүй ядуу иргэдээр нь олон улс тодорхойлохгүй байх байсансан. Харин эрчүүд ямаанд “сюрприз” болгон барьсан 30 тэрбум төгрөгөөр ядахдаа хүүхдийн цэцэрлэг бариулж, олон эхчүүдийг баярлуулах байв. Төрийн “хэтэвч” зузаарахын хэрээр түмэн олон ажилгүйдэл, ядууралд нэрвэгдэхгүй байлаа. Учир нь гэргий ухаанд боловсорсон бүсгүйчүүдийн нэгэн онцлог бол өрх гэрээ өөд нь татаж, улс гэрээ элбэн тохинуулахад оршино.
Төрийн тэргүүн “Олон хүүхэдтэй болно гэдэг ээжүүдэд дарамт болох ёсгүй” хэмээн хэлэв. Харамсалтай нь “Олон хүүхэдтэй болохсон” гэх эхчүүдийн хүсэл дарамт болон хувирч, зарим нь амьдралын нугачаанд бүдэрч цөхөн яваа нь нууц биш. Тиймээс Элбэгээ энэ сэдэвт анхаарлаа хандуулав. Эмэгтэйчүүд, эхчүүдэд туслахыг улстөрч эрчүүдээс хүсэв. ”УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төсөлд би саналаа өгсөн. Эхчүүд хүүхдээ зөвхөн 2-3 сар хардаг биш, хоёр жил хардаг байя. Энэ хугацаанд үр хүүхдээ өсгөн торинуулж буй эхэд дор хаяж 100 мянган төгрөгийн тэтгэмжийг сар бүр олгоё” хэмээн хэлсэн нь эхчүүдэд итгэл найдвар төрүүлэв. “Би ханьтайгаа оюутан байхдаа танилцаж гэрлэсэн. Иймэрхүү байдал шийдэгддэггүйгээс болоод бид олон хүүхэдтэй болж чадаагүй. Олон хос сургуулиа дөнгөж төгсөөд “Ажилд орох ёстой” хэмээн тэр үед төрүүлэх боломжтой байсан олон хүүхдээсээ татгалзахад хүрсэн байх. Монголын ирээдүйг ийм эмгэнэлтэй байдал руу аваачиж болохгүй” гэж өөр дээрээ жишээ аван ярилаа. Үнэхээр ч Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн XX зууны залууст тохиолдож байсан бэрхшээл XXI зууны залуу гэр бүлүүдэд тохиолдож байгаа нь үнэн юм. Олон хүүхэдтэй болох, орон сууцанд амьдрах, орлогоо өсгөх… Залуусын хүсэл мөрөөдөл хэдэн зуун өнгөрсөн ч ер өөрчлөгддөггүй аж. Харин тэдний өмнө хориглон хамгаалалт босгодог нь төр. Мөрөөдлөө биелүүлэхэд нь чагт тавьдаг нь бас л төр. Гэвч энэ хана хэрмийг Элбэгээ эхчүүдтэй хамт нураахыг хүсдэгээ “Эмэгтэйчүүдийн баяр”-аар илэрхийлсэн нь энэ. Ардчилсан Ерөнхийлөгч ойр дотныхонтойгоо ярилцдаг нэгэн сэдвээ бүсгүйчүүдтэй хуваалцсан юм. Ядуурал, ажилгүйдэл, өрх толгойлсон бүсгүйчүүд, хүчирхийлэлд өртөгсөд… Эдгээрээс чухам алийг нь тэрбээр эмэгтэйчүүдтэй дотночлон ярилцсан бол. Тийм ээ, тэрбээр хүн ам зүйн бодлоготой холбоотой чухал сэдвийг хөндлөө. “Залуу эмэгтэйчүүдийг ажилд авахдаа “Ойрын хугацаанд хүүхэд төрүүлж болохгүй” гэсэн утгатай гэрээг зарим байгууллага хийдэг болжээ. Энэ бол маш том ялгаварлан гадуурхалт. “Чи жирэмсэн болж болохгүй”, “Гурван жил хүүхэд төрүүлж болохгүй” гэдэг болсон байна. Эрүүл саруул, залуу зандан, хүүхэд төрүүлэх ёстой насанд нь ингэж ялгаварлаж байна. Үүнийг хуулиар хориглох ёстой” гэж. Түүнийхээр бол монголчууд олуулаа болох ёстой. Монголын үрс маш олон болох учиртай. Учир нь энэ бол Монгол төрийн бодлого юм.
Ингэхэд намын байр, төрөх эмнэлэг хоёрын алийг нь маш хурдан барьж байна вэ. Элбэгээ энэ асуултад “Намын байр, хорих газар, зочид буудлыг хурдан барьж байна. Харин төрөх эмнэлгийг барих нь л удаан байгаа даа” гэж хариулав. “Улаанбаатарт, хоёр ч аймагт төрөх эмнэлэг шинээр барих гээд мөнгө санхүүг нь шийдчихсэн байхад газрыг нь шийдэж өгөхгүй байгаа юм. Ийм хүү төрүүлсэн, ийм төрд ажилладаг хүүтэй эх гомдох л байх. Уг нь зочид буудал, хорих газар, намын байрнаас илүү төрөх эмнэлэг, сургуулийг хурдан барих ёстой” гэлээ. Тэрбээр эмэгтэйчүүдэд нэгэн таатай мэдээлэл дуулгасан нь “Жил бүр 100 шинэ цэцэрлэг” хөтөлбөр санаачилсан тухай байв. Тийм ээ, Ерөнхийлөгчийн санаачилга ажил хэрэг болж, энэ талаарх эхчүүдийн мөрөөдөл биелдэгсэн бол Элбэгээгийн, бас ээжүүдийн зуун дамнасан хүсэл биелнэ. Олон хүүхэдтэй болох мөрөөдлөө хосууд XXI зуунд биелүүлнэ гэсэн үг.
Төрийн тэргүүн хатан ухаант бүсгүйчүүдэд хандан “Гэрээ цэвэрлэж чадаж байгаа эхчүүд төрөө цэвэрлэж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэрээ авч явж чадаж байгаа эмэгтэйчүүд нийгмээ авч явж чадна гэдэгт итгэж байна” гэж хэлэв. Улс төр, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, давуу талыг үүнээс өөрөөр хэрхэн тодорхойлох билээ. Монголын улс төрд “Ээж эрчим хүч” буюу “Ээлтэй эрчим хүч” нэн хэрэгтэй байгааг онцолсон Элбэгээгийн үг үргэлжилж байна.