IPO гаргахаас өмнө ТТ-г ЭЗ-ийн эргэлтэд оруулах уу?

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

IPO гаргахаас өмнө ТТ-г ЭЗ-ийн эргэлтэд оруулах уу?

“Bloomberg” дахиад л Таван­толгойн тухай мэдээлжээ. Энэ удаад Эдийн засгийн чуулганы үеэр Эр­дэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зо­ригтын хэлсэн үгнээс иш татсан байна. Тэрбээр “Тавантолгойн IPO-г гаргахаас өмнө “Эрдэнэс Тавантол­гой” компани хөрвөх бонд гаргаж ма­гадгүй” тухай ярьжээ. Тэр ч бай­тугай Монголын Засгийн газар Таван­толгойн хувьцааг сонгуулийн өмнө гар­гахаар яаравчлахгүй байгааг он­цолсон байна.

Тавантолгойн хувьцааг олон ул­сын Хөрөнгийн бирж дээр гаргахгүй хойшлуулсаар байгаад олон хүчин зүйл нөлөөлсөн. Тэдгээрийн нэг нь дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал юм. Евро бүсийн хямрал намжих эсэх нь тодорхойгүй байгаа. Түүнээс гадна АНУ-ын төсвийн алдагдал, гадаад, дотоод өр нь хэтэрхий их болсон эдийн засагт нь хүнд тусах болж. Хята­дын эрх баригчид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг 7.5 хувь болгож бууруулахыг зорьж буй. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн зас­гийн гол хөдөлгөгч хүчнүүд мөн­гөний бодлогоо хумьж байна гэсэн үг. Ийм үед Тавантолгойн хувьцааг гаргаснаар харьцангуй бага хөрөнгө босгож чадна гэдгийг эдийн засагчид нотолж байгаа. Гэтэл IPO гаргах ажлыг намар хүртэл хойшлуулснаар Тавантолгойн олборлолтын явц удааширч, мөн л нэгж хувьцааны үнэлгээг нь бууруулж мэдэх юм. Зээл авахгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг эхлэх хөрөнгө монголчуудад байхгүй. Энэ бүхнээс үүдээд IPO гар­гахаас өмнө хөрөнгө босгож, Таван­толгойг эдийн засгийн эргэлтэд оруу­лах нь зүйтэй болж таарч байна. Тавантолгойн IPO-г ирэх зур­гаа­дугаар сараас гаргавал бүтээн бай­гуулалтын ажил нь эхлээгүй учир мөн л хямдаар үнэлэгдэнэ гэж шин­жээчид дүгнэж байсан юм. Энэ бүхнээс үүдээд “Эрдэнэс Тавантолгой” ком­пани IPO гаргахаасаа өмнө бонд гар­гаж хөрөнгө босгож магадгүй бол­жээ. Гэхдээ зүгээр бонд биш, хөрвөх бонд гэж байгаа.

IPO-ийн өмнөх хөрвөх бондыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй ком­паниуд худалдах эрхтэй байдаг. IPO-ийн өмнөх гэж тодотгож буйн учир нь энэ. Эс тэгвэл Хөрөнгийн биржид бүртгэлгүй компани хөрвөх бонд гар­гах боломжгүй юм. Харин яагаад заавал хөрвөх бонд гэж.

Хувьцаа гаргаж хөрөнгө босго­ход хугацаа заадаггүй. Өөрөөр хэл­бэл, хувьцаа эзэмшигч нь тухайн ком­панийн эзэн болно гэ­сэн үг. Харин ком­пани өөрт байгаа хө­рөнгийг барьцаалж, оронд нь урт хугацааны зээл авахын тулд бонд гаргадаг. Энд хугацааг онцолдог. Товлосон хугацаа дуусах үед бонд эзэмшигч нь мөнөөх компанитай хамааралгүй болно гэсэн үг. Хөрвөх бондын хувьд арай өөр. Зээлийн хугацаа дуусах үед бонд эзэмшигч нь хөрвөх бондыг тухайн компанийн хувьцаа болгон солих боломжтой байдгаараа онцлог. Тийм учраас бусад төрлийн бондтой харьцуулахад хөр­вөх бондыг авах сонирхолтой хө­рөнгө оруулагчид олон байдаг гэсэн үг юм.

Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” компани IPO-ийн өмнөх хөрвөх бонд гаргах санал яригдаж байгаа бо­лолтой. Энэ нь олон улсын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахаасаа өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгийн эх үүсвэртэй бо­лохыг зорьж байна гэсэн үг юм. Цаа­шилбал энэ нь Тавантолгойн нэгж хувьцааны үнэлэмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.

Дашрамд дурьдахад, хэдийгээр Эр­дэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зо­ригт “Хэзээ, ямар Хөрөнгийн бирж дээр IPO хийхээ тухайн компани өөрөө мэднэ” гэж ярьсан боловч “Эр­­дэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх за­­хирал Б.Энэбиш “Засгийн газар аль болох яаравчлуулж байгаа” хэ­мээн онцолжээ. Түүнчлэн “Bloomberg”-ийн “World Mining Index”-ээс гар­гасан тооцоогоор уул уурхайн ком­паниудын хувьцааны үнэлэмж өн­гөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 27 хувиар буурсан байна. Энэ нь дэлхийн зах зээл ерөнхийдөө ху­мигдаж байгаатай холбоотой гэж зарим шинжээч тайлбарлажээ.

Т.Элиса

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж