АНУ Хятадын эсрэг гомдол гаргав

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

АНУ Хятадын эсрэг гомдол гаргав

АНУ газрын ховор элементийн экспортод квот тогтоосон Хятадын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргажээ. Европын холбоо, Япон улс ч энэ асуудал дээр АНУ-ын байр суурийг дэмжиж байгаа юм байна. Өндөр технологитой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гол түүхий эд болдог газрын ховор элементийн экспортыг Бээжингийн эрх баригчид хязгаарлах бодлого барьж, зарим түүхий эдэд квот тогтоосон билээ. Газрын ховор элементийн хамгийн том нийлүүлэгч Хятад экспортоо хязгаарласнаас энэ төрлийн түүхий эдийн үнэ зах зээлд нэмэгдэж буйд Хятадыг буруутгаж байгаа юм. Хятад газрын ховор элементийн 95 хувийг дангаараа дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Нөгөө талаар Хятад газрын ховор элементийн экспортыг зориуд хязгаарлаж, дэлхийн зах зээлд үнийг нь хөөргөхийн зэрэгцээ дотоодын худалдан авагчдад хямд үнээр нийлүүлж, дотоодын үйлдвэрлэгчдэд давуу тал олгож байгааг шүүмжилжээ. Харин Хятад үүнийг эсэргүүцэж, ховор элементийн экспортыг хязгаарлах болсон нь уул уурхайн замбараагүй ашиглалтыг зогсоож, байгаль орчныг хамгаалах бодлогын нэг хэсэг гэж тайлбарлаж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж