АНУ Афганистанаас цэргээ гаргах болоогүй

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

АНУ Афганистанаас цэргээ гаргах болоогүй

Афганистанд алба хааж буй нэгэн америк цэрэг хоёр тосгонд 16 гэм зэмгүй хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Олон улсын хамтарсан цэргийг тус улсаас гаргах болоогүй гэж мэдэгджээ. Кандагар мужийн хоёр тосгонд гарсан аллага Афганистан, АНУ-ын харилцааг хурцатгаад байгаа юм. Афганистаны хоёр тосгонд аллага үйлдсэн америк цэрэг буруутай нь тогтоогдвол ялын дээд хэмжээ онооно гэдгээ АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта мэдэгджээ. Панеттагийн хэлснээр америк цэргийг АНУ-ын цэргийн хээрийн шүүхээр шүүх гэнэ. Гэмт хэрэгт холбогдсон америк түрүүч 2008 онд сэтгэцийн эмчилгээнд явж байсан нь тогтоогджээ. Автомашины ослын улмаас тархины хүнд гэмтэл авсан түрүүч эхнэр хүүхэдтэй нэгэн гэнэ. Афганистанаас цэргээ яаралтай гаргах болсон эсэхийг асуухад Леон Панетта “Дээрх аймшигтай хэрэг Афганистанаас цэргээ яаралтай татах болсныг харуулсан. Гэвч энэ бол яаран шийдэж болохгүй асуудал” гэж ярьсан байна. Афганистаны цэргүүд Аль-Кайдагийн халдлагаас сэргийлж, аюулаас хамгаалах хүчээ бэхжүүлэхээс нааш Олон улсын хамтарсан цэргүүдийг  тус улсаас гаргахгүй гэж Барак Обама мэдэгдсэн юм. Учир нь тус бүс нутагт алан хядагч Аль-Кайдагийн сүлжээтэй холбоотой Талибанчуудын халдлага, цусан өшөө авалт занахийлсан хэвээр байгаа юм. Нөгөө талаар лалын шашинтнуудын ариун Коран судрыг НАТО-ийн цэргүүд шатааснаас хойш Афганистанд тэднийг үзэх ядах хандлага газар авчээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж