Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж Засгийн газрын хуралдаанаар цаашдаа нефть импортлогчидтой шатахууны үнийг бууруулах асуудлаар зөвшилцөлд хүрэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосон. Гэтэл тэдний хоорондын зөвшилцөл төдий л үр дүнд хүрээгүй. Түүнчлэн ам.долларын ханш тогтвортой буурч байхад, шатахууныхаа үнийг бууруулахгүй гүрийгээд байгаа импортлогчдын тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахывэрүүдийн эцэст импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг 50-80 төгрөгөөр буулгав. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагуудаас орлогоос нь хамаарч 10-20 тэрбум төгрөгөөр торгосон нэхэмжлэл нефть импортлогч найман компанид хүргүүлсэн байна. Харин үүнийг тэд “Бид улсын биш хувийн компаниуд. Монголын хэрэглэгчдийг бензинээр хангахын тулд “Роснефть”-иэс цааш олон мянган километр зам туулж бараг ашиггүй шахам байдлаар шатахуун оруулж ирдэг. Дээрээс нь үнэ нэмэх үндэслэлээ тайлбарлаад байхад бараг бүтэн жилийн орлогоор торгодог нь үндэслэлгүй” гэж үзэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хариу гомдол гаргаж, шүүхэд хандахаар болжээ.
“ВАЛЮТЫН ХАНШ ЭРГЭЭД БУУРНА” ГЭЖ ИМПОРТЛОГЧДЫГ ХУУРСАН ГЭНЭ
Шатахууны үнийг тогтвортой барих үүднээс ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг шатахуун импортлогч компаниудын удирдлага, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Газрын тосны газар, Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдээд байсан юм. Шатахууны үнэ нэгдүгээр сарын 6-ны шөнө 260 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд хоёр компани үүнээс гурван хоногийн дараа үнээ нэмсэн. Мөн бусад компаниудын үнээс 30 төгрөгөөр бага нэмсэн нь “Петровис”, “Сод монгол” компаниуд. “Сод монгол” компанийн дэд захирал н.Ганболд “Дээрх ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа хойш сайн ажилласан гэж боддог. Бас шатахууны үнэ нэмэхгүй байх бүх аргыг хэрэглэсэн. Тэр ажлын хэсгийг төрийн зүгээс боймлоод байх хэрэггүй. Ажлын хэсэгт би ч ажилласан. Сар тутам хуралдаж, шатахууны үнийг тогтвортой байлгах талаар хэлэлцдэг байлаа. Гэвч харамсалтай нь туйлдсан тэр хэсэг хүмүүс шатахууны үнэ нэмэхээс өөр аргагүйд хүрч, аргаа барсан ажлын хэсэг болж хувирсан. Биднийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үгсэн хуйвалдсан гээд байгаа. Ямар ч тийм зүйл байхгүй. Бидэнд эхлээд 10 тэрбум, дараа нь 20 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан. Үүнийг нь эсэргүүцэж бид тус газарт буцаагаад гомдол гаргасан юм. Одоо ямар нэгэн хариу ирээгүй байна” гэлээ. Түүнчлэн зарим эх сурвалжуудын хэлснээр 2011 оны наймдугаар сард валютын төгрөгтэй харьцах ханш өсөхөд шатахуун импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гэхээр Монголбанк, Сангийн яамнаас удахгүй валютын ханш буурна” хэмээн импортлогчдын амыг тагласаар ирсэн гэнэ. Гэтэл улам өссөөр тэднийг ийнхүү шатахууны үнээ нэмэхэд хүргэсэн аж. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хүртэл “шатахууны үнэ зайлшгүй 170 төгрөгөөр нэмэгдэнэ” гэх судалгааг ч гаргаж байжээ. Харин импортлогчдын 230-260 төгрөгөөр нэмсэн нь өмнөх алдагдлаа нөхөхийн тулд хийсэн алхам гэнэ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалжийн хэлснээр “Торгууль ногдуулсан компаниудын гомдлын хариуг одоохондоо шийдээгүй байна. Тэднийг зүгээр байхад нь ийм их мөнгөөр торгохгүй нь ойлгожтой шүү дээ. Үгсэн хуйвалдсан хурлын протокол нь хүртэл олдсон. Өөр бусад баримт ч бий. Компаниудыг жилийн орлогоос хамаарч 1.5-2 хувиар торгосон. Манайх улсын байцаагчийн дүгнэлтийг компаниуд руу өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд явуулсан. Хэрэв тэдний өгсөн гомдлыг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл хуулийн дагуу нэг сараар сунгана” хэмээлээ. Тус газраас “Сод Монгол”, “Петровис” компаниудыг үнээ харьцангуй бага нэмсэн, харилцан тохирлцоонд хүрэх хурал дээр ирсэн зэргээс үүдэж 1.5 хувиар, бусад зургаан компанийг хоёр хувиар тус тус торгосон нь энэ аж. Торгуулийг мөнгөн дүнд шилжүүлвэл “Петровис” компани зургаан тэрбум, Сод Монгол”компани 1.1 тэрбум, “Жаст” компани 1.8 тэрбум, “Магнай трейд” компанийг дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр торгуулах гэнэ.
Шатахуун импортлогч компаниудын удирдлагуудтай уулзахад “Бид яасан ч торгууль төлөхгүй” гэдэг байр суурин дээр хатуу зогсоно гэдгээ илэрхийлж байв. Түүнчлэн “Ам.долларын ханшийг Монголбанк энэ байдлаар тогтвортой байлгаад, төрөөс зохицуулалт сайн хийж чадвал бид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх ямар ч шаардлага байхгүй, одоогийнхоос ч буулгах боломжтой. Өрсөлдөж, үнээ буулгаж, ашиг олохын төлөө бид явдаг болохоос биш нэгэнтэйгээ харилцан тохиролцоод шатахуун борлуулах нь зах зээлийн нийгэмд байж болохгүй асуудал. Ийм зүйлд үндэслэсэн төрийн байгууллагууд улс төрийн шоу хийж, ард түмний оюун санаагаар тоглох хэрэггүй” хэмээн зарим компанийн удирдлагууд хэлж байлаа.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин