“Долоодугаар сарын 1-ний үймээн” гэхээр зарим улстөрчийн зүрх үхэж, заримынх нь цөс хөөрдөг болж. Тэгвэл энэ үед “Долоодугаар сарын 1-ний үймээн” гэх дуулиант хэргийг өөрийн пиар болгон ашиглах нэгэн ч байх юм. Тэр бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Тэрбээр эл үймээн болох үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Харин одоо бол долоодугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой хэргийн гэрч. Энэ үед цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг шүүх хурал маргааш болно. Уг шүүх хуралд Н.Энхбаяр гэрчээр дуудагдсан. Тэгвэл олон жил төрийн эрх барьж байсан хүн гэсэндээ түүний толгой сайн ажиллажээ. Тэрбээр шүүхийн танхимд бус хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан гэрчийн үүрэг гүйцэтгэхийг илүүд үзсэн бололтой. Н.Энхбаяр ч мөн дөө. “Долоодугаар сарын 1-тэй холбоотой нууц асуудлыг ил болгоно” гэж өчигдөр хэвлэлийнхнийг гэнэдүүлсэн Н.Энхбаярын урилгыг хэвлэлийнхэн шүүрч авсан билээ. Харин тэрбээр бүхнийг өөрийн тооцоолсны дагуу хийж, хэвлэлийнхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл нэртэй мэдээлэл өгөөд л “гэрчийн мэдүүлэг”-ээ өндөрлөсөн юм. Тэрхүү тэмдэглэлд өөрийг нь зөвтгөсөн мэдээлэл байсан нь мэдээжийн хэрэг байсан. Тэр яг өөрийнхөө хүссэнээр бүхнийг зохион байгуулж чадлаа. Харин маргааш болох шүүх хурал дээр юу болох бол гэдэг л сонин байна.
Р.Сарангоо
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин