Burberry - News.MN

Old News! Published on: 2010.03.15

Burberry

News.MN
News.MN
Uncategorized
Бөс бараа худалдаалдаг дэндүү энгийн дэлгүүрээс дэлхийн загварын ертөнцийг эзэгнэсэн өндөр зэрэглэлийн брэнд болон өргөжиж чадсан “Burberry”-гийн бүтээсэн цүнх, цув, ороолт болон шүхэр энэ цагийн загварын ертөнцөд толгой цохиж явна. Бор шаргал суурин дээрх хар, улаан, цагаан судал бүхий Шотланд маягийн дөрвөлжин хээ бол Английн тансаг зэрэглэлийн “Burberry” брэндийн амин сүнс нь билээ. Кейт Мосс, Бритни Спийрс, Дэвид Бэкхэм, Жастин Тимберлейк, Мадонна нарын тэргүүн зэрэглэлийн оддын гоёо болсон энэ брэнд 2006 онд 150 жилийн ойгоо сүрлэг гэгч нь тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Английн алдарт “Burberry”-гийн түүх 1856 оноос эхтэй. Тухайн үед 21 настай байсан идэр залуухан Томас Берберри төрөлх Бейсингстоук хотод бөс бараа худалдаалах өөрийн гэсэн жижигхэн дэлгүүрээ нээжээ. Түүний бяцхан бизнес өргөжин тэлсээр 1870 он болоход багахан хэмжээний худалдааны төв болж амжив. Берберригийн дэлгүүр хотын оршин суугчид болон тамирчдын анхаарлыг татаж, байнгын үйлчлүүлэгчтэй болжээ. 1879 онд Томас Берберри габардин хэмээх гадуур хувцас хийхэд тохиромжтой, бат бөх, ус нэвтрүүлдэггүй материал зохион бүтээж, 1988 онд өөрийн нэр дээр патенталж авсан байна. Энэ үеэс л түүний ирээдүйн алдар нэр, амжилтынх нь үндэс тавигдаж, бүх зүйл эндээс л эхэлсэн юм. Тухайн үед Берберриг өнөөдрийнх шиг ийм агуу амжилт өөд авирч чадна гэж хэн ч төсөөлөөгүй нь мэдээж. Өөрийн хийж буй хувцсандаа тохирох аятайхан материал бүтээсэндээ сэтгэл хангалуун явсан Берберри 1891 онд нийслэл Лондон хотноо нэрийн дэлгүүр нээхэд хангалттай хэмжээний хөрөнгө, нэр хүндтэй болсон байв. Ингээд Берберри Лондонд хээнцэр, ихэмсэг загваруудаа борлуулж эхэлжээ.
XX зуун гарахад өөрийн нэрийн логогүй байсан Берберригийн фирмийн хээтэй хувцсыг чухам ямар брэнд үйлдвэрлэж буй талаар яригдах болж. Харин Берберри 1904 онд алдаагаа залруулж, морь унасан хөлөг баатрын дүрстэй, латинаар “Prorsum” гэсэн бичиг бүхий өөрийн гэсэн логотой болжээ. Prorsum гэдэг нь латин хэлнээс хөрвүүлбэл “урагшлах, давшлах” гэсэн утгатай аж. Үүнээс хойш нэг их удалгүй Берберри Нью-Йорк болон Парис хотод нэрийн дэлгүүрээ нээсэн байна.
 “Chanel”-ын хослол, биркин цүнхний нэгэн адилаар “Burberry”-гийн тренч цув загварын ертөнцийн нэгэн салшгүй хэсэг мөнөөс мөн.  Уг цувны гарал үүсэл цэргүүдтэй салшгүй холбоотой. 1901 онд Берберри Британийн цэргийн армид зориулан борооны цувны зориулалтаар цув нийлүүлж, улмаар 1914 онд Дэлхийн I дайны үед Берберри цэргүүдийн өмсөх хагас сая цув хийх захиалгыг Засгийн газраас авснаар сая саяыг олох боломж бий болсон аж. Дайны талбарт цэргүүд нуувчинд байхдаа уг цувыг өмсдөг байснаас үүдэн тренч /нуувч, шуудуу гэсэн утгатай/ цув гэгдэх болжээ. Хожим нь Дэлхийн II дайны үед ч Их Британи болон америк цэргүүдийн үндсэн хувцас нь тренч цув байлаа. Ганц цэргийн салбарт ч төдийгүй үйлчилгээний бүхий л салбарт чанараар гайхагдсан габардиныг өргөн ашиглаж байв. Дашрамд сонирхуулахад, Норвегийн аялагч, судлаач Роалд Амундсен 1911 оны арванхоёрдугаар сарын 14-нд Өмнөд туйлд хөл тавьсан анхны хүн болох үедээ Берберригийн урласан гадуур хувцсыг өмссөн байжээ. Ахмад Амундсен Өмнөд туйлд очсоны дараа Эрнест Шаклтон Антарктид тивийг эргийн дагуу тойрсон анхны хүн болсо. Гэтэл Шаклтон мөн л Берберригийн гадуур хувцсаар өөрийгөө “тоноглосон” байжээ. Тэдний гадуур хувцас өнөөх алдартай габардин материалтай байсан аж.
 Дайны дараахан дэлгэцнээ гарсан Холливудын шилдэг кино болох Касабланкагийн Хамфри Богарт, Ягаан ирвэс киноны Петр Селлерс нар тренч цув өмсдөгөөс үүдэн олон нийтийн дунд тренч цув ихээхэн тархжээ. 1924 оноос эхлэн Томас Берберри тренч цувандаа шоо хэлбэртэй хээ нэмэв. Ийнхүү  улаан, хар болон цагаан өнгийн дөрвөлжин хээ “Burberry”-гийн салшгүй нэгэн хэсэг болж хувирчээ. Гэхдээ бүр хожим нь буюу 1967 онд л энэ хээг “Burberry” загварын ордон албан ёсоор өөрийн нэр дээр баталгаажуулж авсан байна. Харин өдгөө “Burberry check” хэмээн нэрлэгдсэн уг хээ тус брэндийн цув төдийгүй шүхэр, ороолт болон аяны цүнхэнд өргөн ашиглагдаж байна. 70-аад он гарахад “Burberry” брэнд британийн хөлбөмбөгчдийн хувцас хийдгээрээ алдаршиж, Нью-Йоркт томоохон дэлгүүрээ нээж, удалгүй Сан Франциско, Чикаго, Бостон, Филадельф, Вашингтон, Трой, Мичиган, Нью-Жерси болон Калифорнийг хамарсан сүлжээ болон өргөжжээ. Ганц Америк төдийгүй Ази, Европын орнуудыг байлдан дагуулах болов. 20 гаруй жил загварын ертөнцийг эзэгнэсэн “Burberry”-гийн ноёрхол нуран унаж, Азийн хямрал, дээр нь хуурамч бүтээгдэхүүн ихээр гарах болсноор нэр хүнд нь аажим аажмаар унаж эхэлжээ. Тийнхүү 1990-ээд оны үест дэлхийн загварын тавцангаас хуучинсаг хэв маяг агуулсан “Burberry” үндсэндээ арчигдаж эхлэх нь тэр. Харин 1997 онд, Роуз Мэри Браво гэгч дайчин эмэгтэй компанийн ерөнхий гүйцэтгэх захирлын суудалд морилж, зуун дамнасан арвин түүхтэй “Burberry”-г загварын ертөнцөд дахин мэндлэх үндэс суурийг тавьжээ. Тэрээр компанийн бүтэц, зохион байгуулалтад эрс шинэчлэл хийж, британийн сонгодог хуучинсаг стилийг бүрмөсөн халав. Үүгээр ч зогсохгүй тэр компанийн зар сурталчилгаа, маркетингийн асуудалд онцгой анхаарч, алдарт топ модель Кейт Мосстой гэрээ байгуулж, компанийнхаа нүүр царай болгосон юм. Шинэ залуу эрч хүчээр цэнэглэгдсэн “Burberry” 1999 онд Лондонгийн загварын долоо хоногийн үеэр анхны коллекцио олон нийтэд хүргэжээ. Тэр жилдээ “Burberry” Британийн шилдэг сонгодог загварын коллекци шагнал хүртэв. 2001 онд хатагтай Браво “Gucci”-д ажиллаж байсан ирээдүйтэй, залуухан загвар зохион бүтээгч Кристофер Бейлиг өөртөө урвуулж чадсан нь нүдээ олсон хэрэг байлаа. “Gucci” загварын ордонд Том Фордын сүр хүчинд дарагдаж байсан Бейли Burberry-д ирснээр панк стилийг тансаг хэв маягтай уялдуулж, хурц ширүүн хэрнээ эрхэмсэг байж чадах тийм л өвөрмөц төрхийг бий болгож чаджээ. “Burberry”-гийн домог болсон тренч цув компанийн гол бүтээгдэхүүн байхын зэрэгцээ Бейлигийн гараар бүтсэн даавуун дээрх зотон зураг загварын хүрээнд хүч түрэн орж ирсэн байна. Ингээд ердөө хэдхэн жилийн дотор хуучинсаг загвартай гэх статусаа халж, уламжлал болсон цув, цүнхнээс гадна үнэртэн, гутал болон дотуур хувцас худалдаалдаг орчин цагийн тансаг зэрэглэлийн брэнд болон хувирсан юм. Компанийн ашиг орлого ч огцом нэмэгдэж, 470 саяас нэг тэрбум ам.доллар болтлоо үсрэлт хийв. 2006 онд Роуз Мэри Браво “Burberry”-гийн Ерөнхий гүйцэтгэх захирлын ажлаа орхисноор Ангела Аренц компанийг толгойлох болсон юм.
Өдгөө Burberry загварын ордон “Burberry Prorsum”, “Burberry London” гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бүхий л загварыг Кристофер Бейли голчлон урладаг ажээ. Загварын хүрээний ихэс дээдэс Бейлиг хурц, торгон мэдрэмжтэй, “Burberry”-г өндөрлөгт гаргаж чадсан нэгэн хэмээн үнэлдэг. Харин тэр өөрөө “Шинэ соргог, орчин үеийн загварыг түүх соёл, уламжлалтай жишин харьцуулах бол миний хийдэг ажил” хэмээн ярих дуртай гэнэ.
Өнөөдрийн байдлаар “Burberry” загварын товчоо олон улсын зах зээлд нэн тэргүүнд бичигдэх байр суурь эзэлж, тансаг зэрэглэлийн хувцас загваруудаараа дэлхий нийтийг баясгаж, загварын ертөнцөд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!