
Бодоод байхнээ соёлын хувьсгалын тухай уншиж байсан ч тэгтэл тод томруун дүрсэлсэнтэй таарч байгаагүй юм байна. Энд зөвхөн эд материал, биед учрах зовлон биш харин сэтгэл санааны дарамтны тухай айхавтар мэдрэмжтэй бичсэн юм билээ, өөрөө туулж өнгөрүүлсэн амьдрал хойно аргагүй биз.
Хүүхэд байхад даа зурагтаар хятадын соёлын хувьсгалын тухай баримтат кино үзүүлсэн юм. Тэр кинон дээр мянга мянган хүн жагсаж байгаад Мао удирдагчийнхаа бичсэн улаан номыг өргөөд үнэн санаанаасаа хашгирч (юу гэж хашгирч байсаныг мэдэхгүй..) байхыг үзээд их л хачирхалтай санагдаж билээ. Тэр үед бид ч гэсэн октябрийн баяр, майн баяраар жагсаж уриа лоозон хашгирч явсан ч түүндээ итгэж үнэмшиж байснаа санадаггүй юм. Магад тэр уриа лоозон амьдралаас хол ойлгомжгүй байсанд тэр биз. Харин тэр киног үзээд энэ хятадууд юун аймаар үнэнч юм хэмээн тоомжиргүй бодоод өнгөрч билээ. Энэ ном чухам хүмүүс яагаад тэгэж авирлаж байсны тайлбар байлаа. Хэдий хэлж байгаа уриа лоозондоо итгэхгүй ч хардлага төрүүлэхгүйн тулд бүхнээс чангаар лоозон хашгирч, дуугаа дуулах хэрэгтэй болдог байж. Өөрөөсөө хардлагыг холдуулахын тулд хэн нэгнийг буруутгах нь хэвийн үзэгдэл байжээ. Сүүлдээ эцэг эх, үр хүүхэд, хань ижлийн хэнд ч итгэх аргагүй хачин нийгэм бий болох. Хэнд ч итгэх аргагүй болохоор нүүрэндээ хуурамч төрхтэй баг өмсөж өдрийг өнгөрөөгөөд орой ирэхэд тэр баг нүүрний мэдрэлийн судастай орооцолдоод авахад айхавтар өвдөх ч авахгүй бол бүр тамтай хэмээн дүрсэлсэн нь надад их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм байна.